Энэ оны 1-р сарын хоёр дахь долоо хоног буюу 09-нөөс 15-ны өдрийн 22.00 цаг хүртэл Хүн ам, орон сууцны Улсын ээлжит тооллогын мэдээлэл цуглуулах ажил явагдана. Тооллогын үндсэн үр дүнг 2020 оны 6 дугаар сарын эхээр танилцуулна.
НҮБ-ын зөвлөмжийн дагуу Монгол Улс хүн ам, орон сууцны Улсын тооллогыг 10 жил тутамд зохион байгуулдаг. Манай улс түүхэндээ 10 удаа хүн амын нэгдсэн тооллого явуулсан бөгөөд 1918 онд анхны тооллого хийж эхэлснээс хойш 100 жил өнгөрч, 2020 онд 11 дэх удаагаа хүн амаа тоолох гэж байна.
Тооллогын үеэр иргэд өөрийн амьдарч буй харьяа хороондоо хандан “Хүн ам, өрхийн мэдээллийн сан” дахь мэдээллээ хянан баталгаажуулж тооллогодоо идэвхтэй оролцохыг ҮСХ-ноос сануулж байна. Ингэснээр иргэн таны мэдээлэл төрийн мэдээллийн нэгдсэн санд баталгаажиж, ирэх 70 жилийн архивын үнэт лавлагаа болох юм.
Иргэд тооллогын ажилтныг гэр, орон сууцандаа саадгүй нэвтрүүлж, үнэн зөв бүрэн мэдээлэл өгснөөр та “Тоологдов” гэрчилгээг авах юм байна.