Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа тухай хуулийн төслийг өчигдөр УИХ-д өргөн барьсан билээ. Уг хуулийн төсөлд тэтгэврийн зээлийг тэглэх санхүүгийн эх үүсвэрийг дараах байдлаар хуулинд тусгасан байна.
Тодруулбал,
“Төрийн өмчит Эрдэнэс Монгол ХХК тэтгэвэр барьцаалсан зээлийн үлдэгдэл, төлбөрийн санхүүжилтийг өөрийн охин компани Салхитын мөнгө, алтны ордын эдийн зэсгийн эргэлтэд оруулсан орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан тэтгэврийн зээлийн үлдэгдлийн хэмжээгээр үнэт цаас гаргах замаар шийдвэрлэнэ.
Төрийн өмчит Эрдэнэс Монгол ХХК иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн үүргийг үнэт цаас гаргаж төлөх гэрээг холбогдох банк тус бүртэй байгуулах бөгөөд Монгол Улсын Хөгжлийн банк үнэт цаасанд баталгаа гаргаж өгнө гэдгийг хуулинд тусгажээ.
Мөн Монголбанк тэтгэврийн зээлийн үлдэгдлийн хэмжээгээр гаргасан үнэт цаасыг Төв банк-ны тухай хуулийн 11-р зүйлийн 1 дэх хэсгийн 2,4 дэх заалтад заасан хэрэгслийг ашиглан худалдан авах юм байна.
11 дүгээр зүйл.Мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх хэрэгсэл
1.Монголбанк төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхдээ дараахь арга, хэрэгслийг ашиглаж болно:
1/банкны заавал байлгах нөөц, зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох;
2/банкинд зээл олгох, санхүүгийн хэрэгсэл ашиглах;
3/хүүгийн нэгдсэн бодлого явуулах;
4/нээлттэй зах зээлийн үйл ажиллагаа явуулах;
5/банкнаас олгох зээлийн үлдэгдэлд хязгаарлалт хийх.
Хэрвээ үнэт цаас эзэмшсэнээс Монголбанкны өөрийн хөрөнгө буурсан тохиолдолд Засгийн газар үнэт цаас гаргаж, Монголбанкинд эзэмшүүлэх замаар нөхөх талаар ч хуулийн төсөлд тусгаад байгаа юм байна.
Н.БАТАА