Энэ жилийн “Болор цом-37” наадам энэ сарын 4-нд зохион байгуулагдаж, яруу найрагч Б.Жамбалдорж “Жамын цас” шүлгээрээ “Болор цом”-ын эзэн болсон талаар бид бямба гарагт мэдээллэсэн билээ.
Сонирхуулахад наадмын эхний шатны шалгаруулалтад 30 яруу найрагч тунаж үлдээд байсан бөгөөд Их зохиолч Д.Нацагдоржийн төрсөн нутаг Гүн Галуутай буюу Багануур дүүрэгт зохион байгуулагдснаараа энэ жилийн наадам онцлог байв.
Ингээд “Болор цом-37” наадмын тэргүүн шүлгийг та бүхэнд хүргэж байна.
Жамын цас
Бургасан унь нахилзуулан гэрийн цас шүүрдэж
Бусдын дээгүүр будрууланхан байхдаа
Үүдээр цухуйх аавынхаа дээрээс
Үлээсэн цас минь үснийх нь сор болсон
Халуун уур савссан тооноор унасан цас
Хайртай ижийн минь санчигт бас хүрсэн
Хааш яаш цацан бужигнуулсан цасан дор
Хамгийн бага дүү минь алгаа дэлгэж зогссон
Өглөө эртээ явсан ижийнхээ мөрийг шүүрдэж
Өдөр явах замаа гаргаж зогсдогсон би
Шинэхэн цас орсон өглөө
Шинэ мөр хайгаад л ижийгээ саначихлаа
Тийм дотнохон мөр харалгүй уджээ
Тэнгэрээс нэг удаа үзүүлээд өгдөг ч болоосой
Зөөлөн гишгэх алхаан дундаасаа
Зөн минь сэрээд л ижийгээ ирэх нь гээд итгэчихлээ
Явган хүний ганц нарийхан жимээр
Явсаар ижийдээ хүрнэ гээд сэтгэчихлээ
Дээрээс хэн нэгэн харж байгаа бол
Дэрсэн шүүрээр би бурханы тиг татаж харагдана
Нэвсийтэл дарсан цасан дунд нэг хүү
Нээрээ л ижийгээ санаж дээ гэж бодогдоно
Мөр, нуруун дээр минь зузаан цас малгайлахад
Мөн чиг хүнд санагдаад ажин түжин
Мөнх бусын тухай эргэцүүлэхэд тэр цас
Мөрийг минь дарж хаялаад үнэн санагдана
Огторгуй өөд ширтэн, ширтэн хэвтэхэд
Олон морьтон давхилдсаар нүдэн дотор минь унана
Жамын тухай бодоход мөн чанар нь танигдаад
Жаргал, зовлон хоёр минь тэнцүүхэн болчихно
Нэг л өвлийн цастай амьдрал гэдэг сууринд
Нээрээ л бид чинь будраад өнгөрөх цас аа…