Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зуд, бэлчээртэй холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг нэгтгэн боловсруулж, зудын эрсдэлийн зураг мэдээг гаргаад байна.
Зудын эрсдэлийн зургийг боловсруулахдаа өнгөрсөн зуны ган, зуншлага, ирэх өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны хазайлт, энэ жилийн цасны бүрхэц, зузаан болон агаарын температур, хур тунадасны урьдчилсан мэдээ зэрэг мэдээллийг ашигладаг.
2020 оны 01 дүгээр сарын 02-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 50 гаруй хувьд их (нэн их 21%, их 34%), 20 гаруй хувьд (25%) нь дунд зэрэг эрсдэлтэй гарлаа.
Үүнээс Ховд, Говь-Алтай, Өвөрхангай, Дундговь, Завхан, Архангай, Булган, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь аймгуудын ихэнх, Баян-Өлгий, Увс, Баянхонгор, Хөвсгөл, Төв, Дорнод, Өмнөговийн зарим нутгаар өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэл ихтэй байна.
Өнгөрсөн жил зуншлага оройтсон, бэлчээрийн даац хэтэрч гарсан, цасан бүрхүүл харьцангуй эрт тогтсон нутгаар өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байна.