Хавдар судлалын үндэсний төвийн захирал, гавьяат эмч Ж.Чинбүрэн өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгджээ. Түүний ажлыг энэ сарын 1-нээс АШУҮИС-ийн Анагаах ухааны боловсрол судлал сувилахуйн эрдэмтдийн зөвлөлийн дарга АУ-ны доктор Н.Эрдэнэхүү хүлээж авсан байна.
Энэ талаар ЭМЯ, ХСҮТ-тэй холбогдож тодруулахад, “Ажлаасаа чөлөөлөгдсөн нь үнэн. Гэхдээ албан ёсны мэдээлэл алга байна” гэв.
Эх сурвалжийн хэлж буйгаар “Ж.Чинбүрэн эмч 2020 оны сонгуульд нэр дэвшихээр ажлаа өгсөн” гэлээ.
Мөн тэрбээр, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойн өдрөөр буюу 2019 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр Гавьяат эмч цол хүртсэн юм.
Сонгуулийн тухай хуулийн 26.6-д “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна” хэмээн заасан билээ.