Хувь хүний орлогын албан татварын /ХХОАТ/ хөнгөлөлт, буцаан олголтын материалыг энэ сарын 2-ноос авч эхэллээ. Анх удаа орон сууц худалдаж авсан болон сургалтын төлбөр төлсөн татвар төлөгчид энэ хөнгөлөлтөд хамрагддаг. Тухайлбал, орон сууц худалдаж авсан иргэн 3 сая хүртэлх төгрөгийн буцаан олголт авдаг.
2019 онд орон сууц худалдан авсан иргэд 2020 оны хоёрдугаар сарын 15-ны дотор бичиг баримт, тайлангаа бүрдүүлж харъяа дүүргийнхээ татварын газарт өгнө. Ингэхдээ орон сууц худалдан авсан болон сургалтын төлбөр төлсөн баримтыг ebarimt.mn-ээс хэвлэсэн байх шаардлагатай тул баримтаа заавал авахыг зөвлөлөө.
Бүрдүүлэх материалын жагсаалтыг ЭНД дарж авна уу.
Харин татварын шинэчилсэн хуулиар 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш орон сууц худалдан авсан иргэн 6 сая хүртэлх төгрөгийн эдлэлт авах боломжтой.
Гэхдээ 6 сая хүртэлх төгрөгийн буцаан олголтыг 2021 онд олгоно гэдгийг анхаарах хэрэгтэй. Одоогийн татварын буцаан олголт нь 2019 онд орон сууц худалдан авсны буцаан олголт юм.
Оюутны сургалтын төлбөрийн хувьд төрсөн болон үрчилж авсан хүүхдийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлдэг байсан бол татварын шинэ хуулиар дагавар, асран хамгаалагчаар бүртгэгдсэн хүүхдийнхээ төлбөрөөс хөнгөлөлт эдлэх боломжтой болсныг Татварын ерөнхий газраас мэдээллээ.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгад:
23 дугаар зүйл.Албан татварын хөнгөлөлт
23.4.Монгол Улсын иргэн өөрийн албан татвар ногдсон орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар зөвхөн хувьдаа, анх удаа орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авсан бол ийнхүү орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авахад зарцуулсан хөрөнгөтэй тэнцэх хэмжээний орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг уг албан татвар төлөгчид эдлүүлэх бөгөөд энэ хөнгөлөлтийн хэмжээ 6 сая төгрөг хүртэл байна.
23.5.Монгол Улсын иргэн албан татвар төлөгчийн төрсөн, дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэд гадаад, дотоодын их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн болон техникийн боловсролын сургуульд оюутан, эсхүл суралцагчаар элсэн суралцаж байгаа тохиолдолд түүний анхны бакалаврын болон дипломын мэргэжил эзэмших сургалтын хугацаанд тухайн татварын жилд төлсөн, баримтаар нотлогдож байгаа сургалтын төлбөртэй тэнцэх орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг эдлүүлнэ.
23.6.Монгол Улсын иргэн суралцаж байх хугацаандаа хөдөлмөр эрхлэлтийн орлогоосоо албан татвар төлж, улмаар сургалтын төлбөр төлсөн их, дээд, мэргэжлийн болон техникийн боловсролын сургууль, коллежид анхлан суралцагчийг энэ хуулийн 23.5-д заасан хөнгөлөлтөд хамруулна.
Энэ хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж заажээ.
ОРОН СУУЦ ХУДАЛДАН АВСАН ИРГЭНИЙ БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
ОЮУТНЫ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ