АНУ-ын Калифорнийн их сургуулийн профессор, палеонтoлогич Тони Барноскийн ахалсан баг дэлхий ертөнцийг зургаа дахь мөхлийн шатандаа яваа гэж дүгнэжээ. Дэлхий дээрх бүх төрөл зүйлийн 75 гаруй хувь нь 300 жилийн дотор устаж үгүй болох аюул нүүрлэсэн гэж тэд үзэж байна. Гэхдээ энэхүү мөхлийн шалтгаан солир юм уу дэлхийн цөм дэх хүчтэй дэлбэрэлт биш. Харин хүний байгальд зүй бус хандсаны үр дагавар, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө аж.

Барноскийн судалгаа сайн, муу хоёр мэдээтэй. Сайн мэдээ нь хүн төрөлхтөний тарьсан хор хөнөөл дэлхий дээрх амьдралыг бүхлээр нь үгүй хийх хүчтэй биш. Харин муу мэдээ нь мөхлийн өнөөгийн хурдыг сааруулахгүй бол 2-22 зууны дотор дэлхий дээрх бүх амьтан, ургамал үгүй болох аюултай гэнэ.

“Байгаль” сэтгүүлд нийтэлсэн судалгааны тайландаа Барноски зургаа дахь мөхөл ердөө эхлэл шатандаа яваа ч дэлхийн хүн ам өсөхийн хэрээр хурд, явц нь яаж ч өөрчлөгдөж мэдэх аюултайг сануулсан байна. Зүйлүүдийн дөрөвний нэг нь устсан юм уу устаж үгүй болохын ирмэгт тулах үзэгдлийг эрдэмтэд мөхөл гэдэг. Судлаачдын үздэгээр өнгөрөгч 540 сая орчим жилийн хугацаанд дэлхийд таван мөхөл тохиосон юм. Сүүлийн их мөхлөөр үлэг гүрвэл зэрэг олон үлэмж биет амьтад устаж үгүй болсон билээ. Харин өмнөх дөрвөн мөхлөөр үгүй болсон төрөл зүйлсийн үлдэгдэл хожим хясаа, дун, шүрэн хад зэрэг усны гаж содон амьтдыг бий болгожээ. Барноскийн хэлснээр ямар ч мөхлөөс сүйрэл амсалгүй хамгаалагдан үлдэх төрөл зүйл, овог аймаг гэж үгүй. Устаж болзошгүй, нэн ховроос эхлээд элбэг гэх ангилалд багтсан ургамал, амьтны ямар ч төрөл мөхлийн шуурганд нэрвэгдэх нь байгалийн жам юм.
Калифорнийн их сургуулийнхны тооцоогоор амьд биетийн бараг бүх төрөл зүйл, овог аймагт өдгөө устаж үгүй болох ирмэгт тулсан 20-50 хувь зүйл байгаа нь дэлхийн хэмжээнд дараагийн их мөхөл эхэлжээ гэж дүгнэхэд хүргэсэн байна. Энэхүү судалгаанд оролцоогүй Чикагогийн их сургуулийн палеонтологич Дэвид Яблонскийн хэлснээр Барноски нарын судалгаа өнөөгийн ургамал, амьтны тоо, өсөлт, үржлийг мөхөж үгүй болсон амьд биетийн чулуужсан үлдэгдэлтэй харьцуулан судалсан эрдэм шинжилгээний анхны ажил юм. Өнгөрөгч 3.5 тэрбум жилийн хугацаанд дэлхий дээр дөрвөн тэрбум гаруй төрөл зүйл байснаас өдгөө 99 хувь нь устаж үгүй болсон гэх дээрх судалгааны дүнг Яблонски үнэнд ойр, шинжлэх ухааны хамгийн зөв үндэслэлтэй гэж үзжээ.
Үүнээс үзэхэд зүйлүүдийн мөхөл сүйрэл гэдэг ховор үзэгдэл биш юм. Уур амьсгалын аажмаар хувьсах үзэгдэл, хүний нөлөөлөл зэргээс гадна байгалийн гэнэтийн үзэгдэл мөхөл дагуулж мэднэ. Барноскийн онцолсноор зургаа дахь мөхлийн эрин өмнөх таван сүйрлээс тун ялгаатай. Учир нь өмнөх мөхлүүдэд байгаагүй, байх ч боломжгүй байсан сонголт гээч үнэт зүйл хүн төрөлхтөнд өдгөө буй. Түүнийхээр дэлхий дахин амьдралын хэв маягаа өөрчилж, байгаль экологид илүү өөриймсөг сэтгэлээр хандвал хэдэн сая төрөл зүйлийг их мөхөл сүйрлээс аврах боломж бий аж.
Г.Лхагвадулам

By updown.mn

Мэдээний админ

One thought on “Зургаа дахь мөхөл эхэлсэн үү?”
  1. Хүний хөгжил гэж байгаа цагт мөхөл байдаг нь бичигдээгүй хууль. Ямар ч цаг үед байсан зүйл. Бид өмнө нь амьдарч байсан гараг ертөнцийг яг ийм байдлаар устгаж үгүй хийсэн. Хүн гэдэг амьтан өөрөө өөрсдийнхөө тав тухыг эрхэм болгодог. Наад захын хоол хүнсээ байгалаас авдаг. Бас түүнийгээ амталж идэх гэж байгалыг шатаадаг. Байгалийн хараат амьдрал ийм л байдаг. Үүнээс гарах гарц гэж үгүй. байгалд ээлтэй амьдарах, хэрэглэх гэдэг ойлголт зөвхөн цаасан дээр л байдаг.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн