Хүн төрөлхтөн шинэ оноо угтан авахад хэдхэн цаг үлджээ. Өнгөрч буй онд ар араасаа өрнөсөн, өчигдөрхөн бидний шинэ үйл явдал хэмээн харж байсан бүхэн түүх, сургамж болон үлдэж байна. Updown.mn сайт 2019 оны нийгмийн сэтгэл зүйд сөрөг нөлөө үзүүлсэн 10 үйл явдлыг нэрлэж байна.
Нэг: Гавьяат хуульч Г.Бямбаа Ганц худагийн урьдчилан хорих төвд амь насаа алдав
Хоёдугаар сард Монгол Улсын гавьяат хуульч, шүүгч Л.Бямбаа Ганцхудагийн урьдчилан хорих төвд амь насаа алдав. 2018 онд хурцаар сөхөгдсөн Салхитын мөнгөний ордын тусгай зөвшөөрөл, түүнийг булаацалдсан БНХАУ-ын хоёр иргэний дэгдээсэн маргаан араасаа гавьяат хуулчийн амь насыг авч одоод зогсохгүй Монгол Улсын Шүүх засаглалын нэр хүндийг байгаагаас нь уруудуулж, 17 шүүгчийн бүрэн эрхтэй тэнцсэн юм.
Шүүгч Л.Бямбаа агсны үхлийг хуулийн байгууллагууд амиа хорлолт гэж үзсэн бөгөөд Салхитын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийн маргаан шүүхээр хэлэлцэгдэж байх үед цөөн биш шүүгч авлига авсан гэдгийг зарласан билээ. Энэ дуулиан нийгмийн сэтгэл зүйд хүчтэй сөрөг нөлөө үзүүлж, шүүх засаглалыг хүчтэй ганхуулж, шүүгчдийн нэр хүндийг улам бүр унагаасан юм.
Хэрэг явдлын дараа талийгаач Л.Бямбаагийн хүү С.Төмөрбат АНУ руу “дүрвэсэн” бөгөөд оны эцсийн байдлаар АТГ болон прокурорын байгууллага эх орноо сайн дураараа орхисон шүүгч залуутай муур, хулгана болон тоглож байна. Оны төгсгөл гэхэд авлигын гэмт хэрэгт сэжиглэгдсэн шүүгчдийн хэрэг эцэслэн шийдэгдсэнгүй.
Шүүгчид авлига авсан уу, эсвэл энэ нь шүүгчдийн гэмт үйлдлийг нийгмийн анхаарлын төвд оруулах гэсэн улстөрчдийн зохиол уу гэдэг асуултад хэн ч хариулаагүй байна. Ямартай ч үйл явдал нийгмийн ёс суртахуунд сөргөөр нөлөөлж, шүүгчдийн болон улстөрчдийн үнэ цэнэ алдагдахад мэдрэгдэхүйц нөлөө үзүүллээ.
Хоёр: УИХ-ын гишүүн асан Г.Батхүү Төрийн ордонд нас барлаа
Төрийн ордонд хүн нас барлаа гэсэн мэдээ тавдугаар сарын нэг орой эрчтэй тархаж, иргэдийг гайхширалд оруулж, нийгмийн сүлжээнд хязгааргүй хардлага сэрдлэгэ, уур хилэнг түгээсэн.
УИХ-ын гишүүн асан Г.Батхүү Төрийн ордны хоёр давхрын гонхноос 19:00 цагийн үед унаж амиа алдсан. Харин Төрийн ордны үйлчилгээний ажилтан анх 19:57 цагт олж хараад Цагдаагийн Шуурхай удирдлагын төвд мэдээлсэн. Талийгаач Г.Батхүү УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын өрөөнөөс гарч явсан гэх мэдээллүүд олон нийтийн сүлжээг зуршил ёсоор улстөржүүлж, нийгмийн сэтгэл зүйд томоохон сөрөг нөлөө үзүүлэв.
Шүүх эмнэлгийн дүгнэлт талийгаачийг өвчний улмаас нас барсан гэж гарсан ч Ардчилсан намын гишүүд хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нөгөө талаар хэрэг явдал гарснаас хойш хагас жилийн дараа Цагдаагийн байгууллага УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг Г.Батхүү агсны амь насаа алдсан хэрэгт буруутгасан нь одоо ч нийгмийг талцуулсан, олон нийтийн дунд эргэлзээ төрүүлсэн хэвээрээ байна.
Гурав: Оспаныг баатраар өргөмжилсөн Ж.Батзандангийн дуулиант мэдэгдэл
Ардчилсан намын батлахыг сайн дураараа эргүүлэн өгч ШИНЭ нам байгуулсан УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн Баян-Өлгийд дэгдээсэн дуулиан улс үндэсний язгуур ашиг сонирхолтой зөрчилдөж, нийгмийн сэтгэлзүйд хүчтэй сөрөг нөлөө үзүүлсэн хэрэг явдлын нэгд зайлшгүй бичигдэнэ. Өлгийн иргэдтэй уулзахдаа “Оспан баатар байгаагүй бол Монголын баруун хязгаар харийн түрэмгийлэгчдийн гарт өртөх байсан” хэмээн мэдэгдсэн Ж.Батзандангийн мэдэгдэл нийгмийн сүлжээнд хүчтэй тархаж, нэр хүнд нь огцом унасан юм.
Тэрбээр: Баян-Өлгий аймгийн казах иргэдтэй уулзсан болохоор Оспаныг “Алуурчин байсан, дээрэмчин байсан” гэж хэлж болохгүй байсан. Хэрвээ би 200 хүний өмнө Оспан баатрыг алуурчин дээрэмчин байсан гэж хэлсэн бол би зүгээр л хөөгдөөд гарах байсан. Казах Монголынхоо харилцаанд сэв суулгахгүй нь тулд Баян-Өлгий аймагт казах иргэддээ хэлсэн үгийг маань Улаанбаатарт хэлсэн юм шиг битгий мушгин гуйвуулаарай. Асуудалд зөвөөр хандаарай хэмээн тайлбарлаж, уур хилэндээ шатсан монгол, казах иргэдийн дургүйцлийг улам бүр дэврээж, нийгмийг хоёр хуваах шахсан.
Хэрэг явдал нийгмийг зөрчилдүүлсэн, хагалан бутаргасан, иргэдийн ёс суртахуунд сөргөөр нөлөөлсөн үйл явдал голдуу улс төрөөс, улстөрчдөөс эхэлдэг. Тэдний эхлүүлсэн туйлшрал, өдөөн хатгалга эргээд улстөрчдийн өөрсдийнх нь нэр хүндэд сөргөөр нөлөөлж, үнэлэмжийг нь бууруулдаг. Бусдад таалагдахын тулд, нийгмийн сэтгэлзүйд нөлөөлөх зорилгоор юу ч хамаагүй ярьж болдоггүй. Урт хэл хүзүү ороодог гэдгийг нотлох нэгэн баримт, улстөрчдийн хувьд санаж явахад илүүдэхгүй гашуун сургамж болон үлдэв.
Дөрөв: Шинэ аварга ба “допинг”-ийн дайрлага
Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаан ес давж, Монгол Улсын аварга цол хүртсэн Э.Оюунболдын цолны найр эхлэх өдөртэй уралдан түүнийг “допинг”-ийн дайрлага дайрав. Шөвгийн 16-д үлдсэн бөхөөс допинг илэрсэн гэсэн дуулиан нийгмийг хамарч шөвгийн 16-д хамарсан бөхчүүд тохиролцсон юм шиг ээлж дараалан “Би допинг хэрэглээгүй” хэмээн мэдэгдсэн билээ.
Үндэсний бөхийн тогооноос дэгдсэн бөхчүүдийн ёс суртахуун, үнэт зүйлсийг доргисон энэ явдал нийгмийн сэтгэл зүйн хэвийн хэм хэмжээнээс хальж, олон нийтийг зөрчилдүүлж, нийгмээ талцуулах алхам болж өргөжсөн юм.
Дуулиант явдлын үр нөлөө удаан үргэлжилж, Үндэсний бөхийн спортод хар тамхи нүүрлэсэн. Хэрэг явдалд допингийн шинжилгээ авдаг эмч нар татагдан ордог байж болзошгүй гэсэн мэдээгээр хачирлагдсан байгаа. Эмч нар АТГ-д шалгагдаж байна.
Түрүүлсэн бөхөөс допинг илэрсэн хэмээн мэдэгдсэн Монгол Үндэсний Бөхийн холбоо тамирчдын сэргээшийн шинжилгээнд анхнаасаа хяналт тавьдаггүй. Э.Оюунболд үнэхээр допинг хэрэглэсэн үү эсвэл тэр хуваагдмал байдалтай болсон хоёр Бөхийн холбооны дунд “хөл бөмбөг шиг өшиглүүлсэн үү” гэсэн олон эргэлзээтэй асуулт даган өрнөсөн. Энэ явдал талцан сарниж буй нийгмээ улам бүр эвдэлж, нийгэмд сөрөг нөлөө үзүүлэв.
Тав: Дипломатуудын хар тамхины наймаа
Дипломатууд хар тамхины наймааны хэрэг 2019 оны бас нэг гол дуулиан байв. Тэдний хилийн чандад өдүүлсэн гэмт хэрэг улс төрийн хүрээнийхнийг тавгүйтүүлж, нийгмийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж, улстөрч, улс төрийн намыг жигших үзэгдлийг улам бүр хөөрөгдөв.
Хууль бус тамхины наймааны 20 гаруй дуулиан Монгол Улсын нэр төрийг олон улсын давцанд унагаж, улстөрчдөд итгэх иргэдийн итгэлийг улам бүр сулрууллаа. Нийгмийг эвдсэн, иргэдийн итгэлийг мохоосон үйл явдлыг улстөрчид өдөөдөг. Хэрэг явдал ийм зүйлээс үүссэн нийгмийн хилэн эргээд тэдний байр суурь, нэр хүндэд сөргөөр нөлөөлдөг гэдгийг нотлов.
Зургаа: Утаагүй түлшинд хүн амиа алдсан анхны тохиолдол
Аравдугаар сард эхэлсэн утааны улиралтай зэрэгцэн дөрвөн хүн гэртээ угаартан нас барсан эмгэнэлтэй хэрэг гарсан. Бямба гаригийн (2019.10.05) шөнө Нийслэлийн Онцгой комисс хуралдахтай зэрэгцэн олон нийтийн сүлжээнд “сайжруулсан түлш”-ийг яллах аян өрнөсөн билээ.
Хүний алтан амь нас эрсдэнэ гэдэг том гарз. Гэвч үйл явдалтай зэрэгцэн нийгмийг талцуулсан улстөржилт ихэсч нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг тооцон хийж буй шинэ эргэлт, шинэ түлшийг буруутгах санаархал ихэссэн юм.
Сайжруулсан түлшний сайн бишийг гайхан шогширч, олон нийтийн сүлжээнд дамжуулан түгээж байсан хүмүүс жинхэнэ хэрэглэгчид биш орон сууцныхан байсан нь явцын дунд ил болсон юм. Түлш хэрэглээнд орсноос хойш гурван сар өнгөрч байна. Шахмал түлш утаа багатай, үнэргүй илч ихтэй сайн түлш гэдгийг гэр хорооллынхон мэдэрсэн. Хотын утаа ч мэдэгдэхүйц буурсантай иргэд санал нийлж байгаа.
Сайжруулсан түлшийг дайран өнгөрсөн дуулиан нь өөрөө нийгмийн сэтгэлзүйд нөлөөлөх зорилготой тусгайлан боловсруулсан мэдээ байсан. Олны анхааралд өртөхүйц, нийгмээ өдөөн хатгасан дутуу хагас энэ мэдээлэл нь харин иргэдийн сэтгэл зүйд айдас, тавгүйрхэл, талцалаас өөр юуг ч авчирсангүй.
Долоо: 780 хятад иргэнийг баривчиллаа
Хуулийн байгууллагынхан Улаанбаатар хотод хууль бусаар ажиллаж амьдарч байсан 780 орчим хятад иргэнийг саатуулан шалгаж, албадан гаргасан нь нийгмийн сэтгэл зүйд хүчтэй нөлөө үзүүлсэн хэд хэдэн үйл явлын нэгд багтана.
Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн зочид буудлаас баривчлагдсан эдгээр иргэдээс 10 мянга орчим гар утасны сим, 1000 орчим гар утас зэргийг хураан авсан хэргийг хэрхэн шийдэж байгаа талаараа Цагдаагийн байгууллага ямар ч мэдээ тараалгүй 60 хонож байна.
Хэдийгээр хуулийн байгууллагынхан хятад иргэдийг онлайн луйвар хийж байсан хэмээн мэдэгдсэн ч хэрэг явдал хятад иргэдийг үзэн ядах үндсэрхэг үзлийг хөөрөгдөж, туйлшрал, хардлагыг дагуулсан байгаа. Хэргийг хэрхэн шийдсэн тухайгаа Цагдаагийн байгууллага мэдээллэхгүй бол явцын дунд хуулийн байгууллагын нэр хүнд дахин унаж, цаг үеэ даган хувьсаж буй нийгмийн сэтгэл зүйд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй юм.
Найм: Монгол Улс саарал жагсаалтад данслагдав
Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын байгууллага FATF Монгол Улсыг саарал жагсаалтад багтааснаа арваннэгдүгээр сард мэдээлсэн. Анх 2013 онд бүртгэгдэн 2014 онд уг жагсаалтаас гарч байсан “түүх”-ээ мартсан монголчуудын дунд энэ сэдвийг монголчууд хүндээр хүлээн авлаа.FATF Монгол Улсыг хар жагсаалтад багтаасан гол шалтгаанаа
-Хойд Солонгос буюу БНАСАУ-тай зэвсэг техникийн наймаа хийж, дэлхий нийтийн өмнө терроризмын үйл ажил лагааг дэмжсэн,
-Монголын улстөрчидтэй холбоотой гаднын улсад илэрсэн оффшор данс гэх мэт цөөнгүй үйл явдлаар тайлбарласан байдаг.
Энэ жагсаалтад багтахад энгийн иргэд, нийгэм нөлөөлөөгүй. FATF-ын хуралдааны өдрүүдэд хэргийн гол буруутнууд болох улстөрчид үндэсний язгуур ашиг сонирхлоо мартаж орхиод, нийгмийн сэтгэлзүйд нөлөөлөх худал мэдээллийг түгээн дор бүрнээ улстөржив. Энэ нь нийгмээ хямрааж, буруу жишгийг хэт дөвийлгөсөн явдал боллоо.
Ес: Эрх чөлөөнд хязгаар бийг Монголын үндэсний фронтынхонд санууллаа
УИХ-ыг өөрөө тарах, Үндсэн хуулийн хэлэлцүүлгийг зогсоох шаардлага тавьсан Монголын үндэсний фронт гэх хөдөлгөөний жагсаалыг иргэд, олон нийт таатай хүлээн аваагүй нь Монголд жагсаал цуглаан гэх гудамжны тэмцэл, эндээс хожил хайсан цөөн хэдэн хүний урмыг хугаллаа.
Жагсаал цуглаанаар далайлган Засгийн эрхийг гартаа авах оролдлого хийсэн хөдөлгөөнийхөнд хуулийн байгууллагууд мэдэгдэл гардуулсан явдалд жагсаалыг зохион байгуулагчдаас бусад нь талархалтай хандав.
Жагсагч иргэдийн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан хийсэн согтуу мэдэгдэл, олон нийтийг үймээн самуунд уриалж, өдөөн хатгасан шинжтэй үг хэллэгүүдэд иргэд автахааргүй болсон нь үйл явдлаас харагдсан гэхэд болно.
Хуулийн байгууллагынхны тэдэнд өгсөн мэдэгдэл сануулга нь, иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж болох ч олныг хүчирхийлэлд уриалан дуудсан хэлбэр хуулиар тогтоосон хэм хэмжээгээр хязгаарлана, хамгаална гэсэн заалтаар хязгаарлагддаг. Монгол Улсын 1974 онд соёрхон баталсан Иргэний болон улстөрийн эрхийн олон улсын пактын 19-р зүйлд дурдагдсан бусдын эрх, нэр төр, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, хүн амын эрүүл мэнд, ёс суртахууныг хуулиар хамгаална гэсэн заалтыг хатуу мөрдөх болно гэдгийг сануулсан хэрэг болов.
Арав: Мэдээллийн терроримзын хохирогч
Орчин цагт ил, далд хорлонтой өрнөх болсон “Мэдээллийн дайн”, “мэдээллийн террор”-ын энэ оны хохирогчоор Үндсэн хуулийн Цэцийн дарга асан Д.Одбаярыг нэрлэж болох юм. Онгоцны үйлчлэгчийн биед хүрсэн гэх шалтгаанаар Солонгост арав хоногийн хилийн хоригт орж, нэг хэсэг хоёр улсын хэвлэл, нийгмийн сүлжээний анхаарлын төвд байсан.
2019 оны 11 дүгээр сарын 31-нд КЕ 868 дугаар нислэгийн энгийн ангиллаар Сөүл рүү ниссэн Д.Одбаярын дуулианыг Солонгос, Монголын хэвлэлүүд үйл явдлын талаар хагас сарын турш тасралтгүй мэдээлж байсан юм.
Сэдвийн ард нуугдсан асуудлууд хамгийн ихээр сонирхол татаж байгаа. Түүний мэдүүлгийг Солонгосын ч, Монголын ч хэвлэлүүд хагас дутуу мэдээлсэн. Хоёр улсын хэвлэлийнхэн түүнтэй хамт нэг онгоцоор зорчсон зорчигчдоос болон асуудалд холбогдсон онгоцны үйлчлэгчээс тайлбар аваагүй. Солонгосын тал хэргийг шалгахдаа камерийн бичлэг ашиглаагүй гэх мэт гомдлоо Д.Одбаяр хожим нь хэвлэлд дэлгэсэн билээ.
Д.ОРГИЛ