Дархан-Уул аймгийн хэмжээнд 2019 онд уул уурхайн ашиглалтын улмаас эвдэрсэн газрыг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 10 аж ахуйн нэгжүүд 72.9 га-д техникийн, 18.6 га талбайд биологийн нөхөн сэргээлтийг хийжээ.
Мөн Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын А-05 тоот тушаалаар батлагдсан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулах, хянан батлах, тайлагнах тухай” журамд заагдсан дүйцүүлэн хамгаалах чиглэлээр ижил байгалийн тогтоц бүхий газарт буюу эвдэрч орхигдсон, эзэнгүй 16.5 га талбайд 4 аж ахуйн нэгж техникийн нөхөн сэргээлтийг хийж гүйцэтгэснийг ажлын хэсэг хүлээн авчээ.
Тухайн нөхөн сэргээлт хийсэн газрын байршил, хэмжээг танилцуулъя.
– Хонгор сумын 2 багийн нутаг Бага ноёны ам, Хүйтний гол, Бууртад 38.3 га техникийн, 8.3га биологийн нөхөн сэргээлтийг хийсэн байна.
– Шарын гол сумын нутаг Шаазгайт, Хавчуу, Уурхайн нүүрс, Зэвсгийн агуулах орчимд 34.6 га техникийн, 10.3 га биологийн талбайд нөхөн сэргээлтийг хийж гүйцэтгэжээ.
Уул уурхайн ашиглалтын улмаас эвдэрсэн газрын нөхөн сэргээлтийг технологийн дагуу хийлгэх ажлыг үе шаттайгаар авч ажилласнаар газрын хэвлийн нөхөн сэргээлт нь 2018 оны мөн үетэй харьцуулахад техникийн нөхөн сэргээлт 37.6 хувь, биологийн нөхөн сэргээлт 91.3 хувиар өссөн дүнтэй байна.