Улаанбаатар хот, 2019 оны 12-р сарын 26
Монгол Улсад банкны салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойг тохиолдуулан Монголбанк, Монголын банкны холбоо, Хадгаламжийн даатгалын корпорациас хамтран зохион байгуулсан “Хариуцлагатай харилцагч – Хариуцлагатай банк” аянд идэвхтэй оролцож, гаргасан үр дүн, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, ач холбогдол бүхий санаачилгуудаараа ХААН Банк бусдыгаа манлайлж, тэргүүн байр эзэллээ.
Олон нийтэд банкны салбарт хэрэгжиж байгаа шинэчлэл, бодлого, тэдгээрийн хэрэгжилтийн талаар өргөн хүрээнд мэдээлэл өгөх, сургалт, уулзалт зохион байгуулах замаар зөв мэдээллээр хангах, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахын тулд иргэд, аж ахуйн нэгжийн хүлээлтийг зохистой удирдах зорилготой “Хариуцлагатай харилцагч-Хариуцлагатай банк” аяныг өнгөрсөн 6-р сараас эхлэн арилжааны банкуудын дунд хэрэгжүүлсэн бөгөөд аянд идэвх санаачилгатай оролцсон шилдэг банкуудыг өчигдөр тодруулан өргөмжилсөн юм.
ХААН Банкны хувьд аяны хугацаанд харилцагч иргэд, байгууллагууд, оюутан залуус, хүүхдүүдэд зориулсан олон төрлийн арга хэмжээ зохион байгуулж ажиллалаа. Тухайлбал, орон даяар байрлах салбар нэгжүүдээрээ дамжуулан банкны салбарын бодлого шинэчлэл, цахим сувгийн хэрэглээ, мэдээллийн аюулгүй байдлын тухай мэдээлэл, зөвлөмжийг сургалт, нээлттэй өдөрлөг байдлаар тогтмол хүргэж ирсэн. Мөн бид хувийн мэдээллээ хамгаалах, цахим гэмт хэргээс хэрхэн сэргийлэх мэдээллийн аюулгүй байдлын тухай зөвлөмж, мэдээллийг харилцагчдадаа өгч буй.
Дээрх арга хэмжээний үеэр ХААН Банк дахин нэг шагнал хүртсэн нь “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг зохион байгуулахад идэвх санаачилгатай оролцон иргэдийн хуримтлалыг дэмжихэд бодитой хувь нэмэр оруулж, үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлсэн хэмээн үнэлэгдэж арилжааны банкуудаас дэд байрт шалгарлаа. Монголбанк, ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сан, Монголын банкны холбоо, Хадгаламжийн даатгалын корпораци хамтран энэ өдрийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд шилдэг гурван банкийг ийнхүү тодруулан өргөмжлөл гардуулсан юм.
ХААН Банк 2019 онд “Санхүүгийн манлайлал 2019” хөтөлбөрийг шинээр хэрэгжүүлж, уралдаан, сургалт зэргээр дамжуулан нийтдээ 6000 гаруй хүүхдэд санхүүгийн боловсрол олгож, олон шинэлэг ажлыг санаачлан хэрэгжүүлээд байна.
Бид зогсолтгүй бүтээсээр…