Интернэтийн сүлжээг гадаад ертөнцөөс тусгаарлах туршилтыг амжилттай гүйцэтгэсэн гэж ОХУ-ын Харилцаа холбооны яам өчигдөр зарлав. Яг ямар туршилт хэрэглэсэн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ч энэ туршилтыг интернэтийн хэрэглэгчид огт анзаарагдаагүй өнгөрсөн гэж мэдэгдсэн байна.
ОХУ энэ оны арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн “хараат бус интернэт”-ийн хуулиа хэрэгжүүлж эхэлсэн байгаа. Туршилтын үр дүнг одоо Ерөнхийлөгч Владимир Путинд танилцуулах гэнэ. Шинэ туршилттай холбогдуулан ОХУ-ын интернэт үйлчилгээ эрхлэгчид (ISP) Засгийн газраас тараасан төхөөрөмжийг гадаад гарц дээрээ байрлуулах үүрэг хүлээсэн байна.
Энэ төхөөрөмжи нь ОХУ-ын интернэт сүлжээг гадаад ертөнцөөс нэг цэгээс салгах чадвартай гэнэ. Энэ давуу талыг Оросын эрх баригчид том хэмжээний кибер халдлага, үндэсний аюулгүй байдалд аюул учирсан тохиолдолд ашиглана гэж тайлбарлаж байна.
Харин шүүмжлэгчид нь үүнийг өөрийн вакум орчинг үүсгэж, ард иргэдийнхээ мэдээлэл авах эрхийг хаах арга гэж үзэж байгаа аж. Ийм тусгаарлагдсан интернэт сүлжээний нэг том жишээ нь Хятадын алдарт “Great Firewall” юм. Тус улс өрнөдийн олон тооны мэдээллийн эх үүсвэрийг өөрийн газар нутагт хэрэглэхийг хориглосон байдаг.
Эх сурвалж: ВВС
1 comment
зөв зөв, Энэ дэлхийгээр хэсүүчлэн яваа болох болохгүй хогон мэдээлээс иргэдээ хамгаалах нь юуны буруу байхав дээ