Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох хэргийг Дээд шатны прокурор Ш.Нямдоржийн бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч Ц.Сандуй, түүний өмгөөлөгч Т.Дэлгэрбаяр, Г.Мөнхбат, шүүгдэгч А.Ганбаатар, түүний өмгөөлөгч Э.Хашчулуун, М.Ариунболд, Б.Мэргэн нарын гаргасан гомдлуудыг тус тус үндэслэн хянан хэлэлцэв.
Тус шүүх хуралдаанаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Нийслэлийн Прокурорын газарт буцааж, шүүгдэгч Ц.Сандуй, А.Ганбаатар нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар “Гэмт хэргийн сэдэлт, зорилгыг бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүй”, анхан шатны шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Г.Доржзодовын үйлдэл, оролцоонд гэмт хэргийн шинж байгаа эсэх, мөн хамтран ажилласан эсэхийг тус тус шалгах, прокуророос Г.Доржзодовт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан асуудлыг шүүх эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзжээ.
Товчхондоо бол Ц.Сандуй, А.Ганбаатар нарын гэмт хэрэг үйлдэх болсон сэдэл, зорилгыг бүрэн гүйцэд тогтоогоогүй байна. Доржзодов энэ гэмт хэрэгт хамаатай юу үгүй юу гэдгийг тогтоох шаардлагатай гэж үзжээ.
Н.БАТАА