Оффшорын шинэ дуулиан: Элчин сайд А.Баттөр, Л.Пүрэвсүрэн нарт хилийн хориг тавьжээ

Монгол Улсыг төлөөлөн гадаадад суугаа дипломатчийн оффшор бүсэд мөнгө угаасан байж болзошгүй хэргийг АТГ илрүүлсэн тухай мэдээ өнөөдрөөс хэвлэл мэдээллээр гарч эхэллээ. Хэргийн цаана дипломатчид визний хураамжийн мөнгийг гэр бүлийнхээ гишүүдийн дансанд шилжүүлж, усан үзмийн талбайтай тансаг байр худалдан авч, мөнгө угаасан байж болзошгүй асуудал нуугдаж байгаа талаар ч дурдагдаад байна.
Энэ хэрэгт холбогдсон дипломатч нь Франц улсад суугаа элчин сайд А.Баттөр гэсэн мэдээллийг үдээс хойш мэдээллийн сувгууд өгүүлж эхэллээ. А.Баттөрийн эхнэр н.Баярмаа нь Польш Улсын Цагдаагийн газраас эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын 69 иргэний нэг юм. Элчин сайдын эхнэрийг тамхины наймааны хэрэгт буруутгаж байгаагаа Польшийн Цагдаагийн газар Монгол Улсын хууль, хяналтын байгууллагад мэдэгдээд удаж байсан юм.
А.Баттөр одооогийн байдлаар Улаанбаатар хотод байгаа. Түүнийг Улаанбаатарт болсон Элчин сайдуудын цугларалтад ирээд байхад нь АТГ хилийн хориг тавьсан бололтой. Үүнээс гадна өөр нэг дипломатчийг АТГ шалгаж байгаа бөгөөд энэ нь Монгол Улсаас Швейцарьт суугаа Элчин сайд Л.Пүрэвсүрэн гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна.
Л.Пүрэвсүрэн нь Элчин сайдаар томилогдохоосоо өмнө Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан. Улс төрийн хамаарал талаас харвал хоёр Элчин сайд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн гарын хүмүүс юм. Л.Пүрэвсүрэнтэй холбоотой мэдээллийг бид эргэн тодруулах болно.