“Умардын урсгал-2” төслийн гүйцэтгэгч Швейцарын “Allseas” компани хий дамжуулах хоолой тавьж байсан хөлөг онгоцнуудаа Балтын тэнгисээс гаргасан тухай Blooмberg тус компанийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдлийг дурдан даваа гарагт /2019.12.23/ мэдээлэв.
Уг төсөл хэр удаан хугацаагаар хойшлогдож байгаа талаар “Allseas” компани тайлбар өгөөгүй байна. Төлөөлөгчийн хэлснээр уг бүтээн байгуулалтад оролцож байсан хөлөг онгоцнууд татан буугдсан байна. Энэ сарын 17-нд АНУ-ын Конгрессын танхим өмнө нь 2020 оны санхүүгийн жилийн цэргийн төсвийн тухай хуулийн төслийг баталсан бөгөөд түүнд хий дамжуулах хоолой тавих ОХУ-ын “Умардын урсгал-2” болон “Туркийн урсгал” төслийн эсрэг хориг арга хэмжээ авахыг Засгийн газартаа үүрэг болгосон юм.
“Allseas” компани үүнтэй холбоотойгоор ажлаа зогсоож байгаагаа мэдэгджээ. Кремль АНУ-ын уг хориг арга хэмжээ нь олон улсын хууль эрх зүйг зөрчиж байна гэж мэдэгдсэн билээ.