Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн хэргийн сэжигтэн Азила Хадри Ш.Алтантуяаг хөнөөх захиалгыг Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разак болон түүний улс төрийн холбоотон Абдул Разак Багиндаа нар өгсөн гэж өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн билээ. Тэрбээр өөрийн хамтрагч Сирул Азхар Умарын хамтаар Монгол Улсын иргэнийг буудан хөнөөх даалгаварыг экс Ерөнхий сайд Нажиб Разакаас авснаа хүлээн зөвшөөрсөн юм.
Тэгвэл уг үйл явдалтай холбогдуулан Малайзын Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаагч Абдул Хамид Бадор “Азилагийн мэдэгдлийг бид шалгаж байгаа. Түүний мэдүүлэгтэй холбогдуулан дахин хэд хэдэн хүнийг гэрчээр дуудаж, эхнээс нь мэдүүлэг авч эхэлсэн” хэмээжээ. Азила Хадригийн хувьд Малзайын Засгийн газраас өөрийг нь хамгаална гэсэн албан ёсны амлалт өгсөн тохиолдолд хэргийн талаар илүү дэлгэрэнгүй мэдүүлэг өгөхөд бэлэн гэлээ. Тэгвэл Малайзын Ерөнхий сайд Нажиб Разак уг үйл явдалтай холбогдуулан “Засгийн эрх барьж буй Пакатан Харапан нам намайг амжилттай гүтгэж чадвал дахин барьж хорих боломжтой болно. Тиймээс энэ бол намайг хорих гэсэн шинэ хуйвалдаан “1MDB” хэрэг төдийлөн бүтэлтэй бус байгаа учраас шинэ хуйвалдаан зохиосон нь энэ” хэмээжээ.
Мөн тэрбээр “Энэ хэрэг болоод 13 жил өнгөрч байна. Өмнө нь огт сөхөгдөөгүй атлаа яагаад Пакатан Харапан нам Засгийн эрхэнд гарсан даруйд дахин шалгаж эхлэв гэдэг учир дутагдалтай” гэсэн байна.
Талийгаач Ш.Алтантуяа 2006 онд Малайзад амь насаа алдсан. 2009 онд уг хэрэгт холбогдуулан цагдаагийн офицер Азила Хадри, Сирул Азхар Умар гэсэн хоёр хүнийг буруутгаж, цаазын ял оноосон. Тэдний хамт шалгагдсан гуравдагч этгээд болох Абдул Разак Багинда нотлох баримт хангалтгүй гэх шалтгаанаар ялаас мултарч, цагаадаж байсан юм.
Ц.ДАВААСАМБУУ