Шинэ он хаяанд иржээ. Хуучин ондоо хийсэн, бүтээснээ дурсаж, алдаа, оноогоо дүгнэн, ирэх ондоо юу хийх, бүтээх тухайгаа дэнслэх он солигдоход 10 хоног үлдсэн байна. Шинэ жилийн баярын уур амьсгал энд тэндгүй орж, албан байгууллагууд баяраа тэмдэглээд эхэлсэн үед охид эмэгтэйчүүдийн хувьд мөнгөтэй, мөнгөгүй ч гоёх гэж эрвийх дэрвийхээрээ л хичээдэг.
Ээмэг бөгжнөөс эхлээд даашинз, гоёлын будалт, үс засалт гээд нэг эмэгтэй дунджаар жилд 400 мянган төгрөг зарцуулдаг байна. Бага цалинтай, өрх толгойлсон эмэгтэйчүүдийн хувьд байгууллагынхаа шинэ жилд орно гэдэг бас л хямрал болж хувирах нь бий. Ялангуяа хамгийн олон эмэгтэй ажилчидтай, цалин багатай салбар бол эрүүл мэндийн байгууллага гэдгийг олон нийт андахгүй.
Тиймээс П.Н.Шастины нэрэмжит Улсын төв гуравдугаар эмнэлэг байгууллагынхаа дунд шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхаар шийдэж, зардлаас хэмнэсэн мөнгөө бүх ажилчдынхаа дансанд тэнцүү хуваан шилжүүлсэн нь олны талархлыг хүлээж, бусдадаа үлгэр дуурайлал болоод буй юм. Энэ талаар П.Н.Шастины нэрэмжит Улсын төв гуравдугаар эмнэлгийн захирал Ц.Төмөр-Очиртой цөөн хором ярилцлаа.
-Албан байгууллагууд шинэ жилээ тэмдэглэж байхад танай эмнэлэг байгууллагынхаа шинэ жилийг тэмдэглэхгүй байхаар болжээ. Ямар учраас ийм шийдвэрт хүрэв?
-Бид шинэ жилийн баяр огт тэмдэглэхгүй биш. Ажлынхаа байранд баярын хурлаа хийж, шилдэг ажилтнуудаа шалгаруулж, бэлэг гардуулна. Харин үнэтэй газарт архи согтууруулах ундаа хэрэглэсэн шинэ жилийн нэгдсэн арга хэмжээг зохион байгуулахгүй. Эмнэлгийн удирдлагын зөвлөл хуралдаж, байгууллагынхаа шинэ жилийн баярыг эдийн засгийн хүндрэл багатай шинэлэг хийх тухай ярилцаж ийм шийдвэрт хүрсэн. Цалин нэмэгдсэн ч эдийн засгийн хүнд нөхцөл байдалд төлбөр өндөртэй баар цэнгээний газарт, архи дарс ууж мөнгөө үрэхгүйгээр баярын хурлаа хийх нь зүйтэй юм гэж үзсэн.
Өөрөөр хэлбэл, баар цэнгээний болон үйлчилгээний газарт бусдад хөрөнгө оруулалт хийх мөнгөө ажилчдадаа зориулж өөрсдөдөө хөрөнгө оруулалт хийхээр болсон юм. Бид өөрсдөдөө л хөрөнгө оруулалт хийх нь чухал гэж үзэж байна. Өмнөх жилүүдэд ажилчид шинэ жилийн арга хэмжээнд оролцохын тулд хамгийн багадаа 50-100 мянган төгрөг цалингаасаа хураалгадаг байсан.
Манайх төсвийн байгууллага учраас шинэ жилийн баяр тэмдэглэх зардал байдаггүй тул өөрсдөө мөнгөө гаргаж ирсэн. Энэ жилийн хувьд уг зардлаа хэмнэж, бүх ажилчдадаа цалингийн урамшуулал 300 мянган төгрөг олгож байна.
–Шинэ жилийн баяр тэмдэглэхгүйгээр цалингийн урамшуулал олгох шийдвэрийг ажилчид хэрхэн хүлээн авч байна вэ?
–Нийт ажилчдадаа жилийн эцсийн ажлын гүйцэтгэлээ урамшуулж, төр засгийн тогтоол шийдвэрийн дагуу үйлчилгээний байгууллагууд ашиг орлогоо хуваарилдаг журамтай.
Энэ дагуу ажилтан бүрийн дансанд 300 мянган төгрөг орж байна. Энэ мөнгөө баар цэнгээний газарт биш, гэр бүл үр хүүхэд, өөрсдөдөө зарцуулах нь илүү дээр гэж бодож байна.
Манай эмнэлэг 750 гаруй ажилтантай. Шинэ жилийн арга хэмжээнд нэг ажилтан хамгийн багадаа 100 мянган төгрөг цалингаасаа хураалгана гэж тооцвол маш их мөнгө гарч байгаа юм. Дээр нь ажилчдын ихэнх нь эмэгтэйчүүд учраас даашинз, гоёл чимэглэл зэргээр зарлага ихтэй баяр шүү дээ /инээв/. Энэ нь цалин багатай ажилчдын хувьд хүндрэлтэй байдаг. Хамгийн бага цалинтай үйлчлэгч, сувилагчийн нэг сарын цалин 450 мянган төгрөг. Цалин дээр нь 300 мянган төгрөг нэмэгдэх нь мэдээж амьдралд нь нэмэртэй шүү дээ. Хүнд нөхцөлд ажилладаг цалин багатай ажилтнууддаа 300 мянган төгрөгөөс илүү мөнгөн урамшуулал олгож, данс руу нь шилжүүлсэн. Энэ шийдвэрийг манай хамт олон маш зөв байна хэмээн дэмжиж, дуртай хүлээн авсан. Дээр нь цаг хугацаа ч хэмнэж байна гэдгийг хэлж байна билээ.
-Энэ шийдвэрээ цаашид үргэлжлүүлэх үү?
-Манай эмнэлгийн хамт олон шинэ жилийн баяр тэмдэглэхгүйгээр цалингийн урамшуулал олгох шийдвэрийг дэмжсэн учраас цаашид ийм жишиг тогтооно. Жил бүрийн шинэ жилийн баярыг бусдад хөрөнгө оруулалт хийх бус, өөрсдөдөө л зарцуулах уриалга гаргаж байна.
-Шинэ жилийн баярт зарцуулах мөнгөнөөс гадна энэ жилийн давсан орлогоо ч мөн ажилчдынхаа дансанд байршуулсан гэлээ. Нууц биш бол нийт ашиг орлого хэд байв?
–Засгийн газрын тогтоолын дагуу улирал тутамд үр дүнгийн урамшуулал олгодог. Дээр нь улсын төсөвт төвлөрүүлэх хөрөнгөөс давсан ашгаа эргүүлэн авч, хамт олонтойгоо хуваан авдаг тогтоол шийдвэр байгаа. Энэ дагуу нийт 400 гаруй сая төгрөгийн үр дүнгийн урамшууллыг ажилчдадаа хуваарилсан. П.Н.Шастины нэрэмжит Улсын төв гуравдугаар эмнэлгийн хувьд жил бүр 5-10 тэрбум улсын төсөвт төвлөрүүлдэг. Энэ жил зургаа орчим тэрбум төвлөрүүлэх үүрэгтэй.
-Баярын хурлаа өнөөдөр хийнэ гэж сонслоо. Хурлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
–Бид 2019 оны бүтэн жилийн ажлын үр дүнгээ ажилчдадаа тайлагнана. П.Н.Шастины нэрэмжит Улсын төв гуравдугаар эмнэлгийн хамт олон 2019 онд байгууллагын төлөвлөгөөний дагуу ямар үйл ажиллагаа хэрэгжүүлэв, Засгийн газраас гаргасан бодлого шийдвэрийг хэрхэн хангаж ажиллав гэдгээ дүгнэнэ. Энэ онд Эрүүл мэндийн сайдын тушаалаар “Эрүүл мэнд инээмсэглэл” зорилтот аяныг бүтэн жилийн хугацаанд хэрэгжүүлсэн.
Эрүүл мэндийн салбарын бүхий л түвшинд харилцааны эерэг хандлага төлөвшүүлэх соёлын довтолгоог хэрэгжүүлсэн үр дүнгээ дүгнэнэ. Манай эмнэлгийн хувьд сүүлийн гурван жилийн хугацаанд гадагшаа явж эмчлүүлэх иргэдийн урсгалыг багасгахад тодорхой хэмжээгээр хувь нэмрээ оруулсан.
Энэ жил оношилгоо үйлчилгээний чиглэлээр 16 шинэ технологи нэвтрүүлснээр гадагшаа явах иргэдийн урсгалыг багасгаж байна. Тухайлбал, зүрхний судас доторх мэс засал, тархины судас доторх мэс засал, чих хамар хоолой зэрэг хүнд мэс заслуудыг эх орондоо монгол эмч нар маань хийдэг болсон нь бидний хувьд том ололт амжилтын нэг юм.
News.mn
2 comments
Тийм шүү дэмжиж байна. 2017 оны жилийн эцэст Цэргийн госпиталийн Гүрбазар дарга бас ингэж өгч байсан бөөн бөөн сюрприз болж байсан шүү
Ene yostoi zov urialga bn.