Төрөөс даатгалын компаниудын үйл ажиллагааг дэмжиж, Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал бий болгосон. Гэвч энэ үйл ажиллагааг даатгалын зарим компанийн ажилтнууд хууль бусаар ашиглаж, тухайн компанийг сонгон даатгуулсан иргэдийн мөнгийг завшсан хэрэг гарсан юм. Тодруулбал, “Монре даатгал” компанийн Нөхөн төлбөрийн албаны дарга Д.Алтансүх нь Д.Зоригтбаатар, Т.Гантулга гэсэн найз нартайгаа нийлж, хуурамч баримт бүрдүүлэн жолооч нарт нөхөн төлбөр олгосон нэрээр 300 гаруй сая төгрөг луйварджээ. 2017 оны нэгдүгээр сараас 2018 оны дөрөвдүгээр cap хүртэлх хугацаанд тэд замын цагдаагийн тодорхойлолт, хохирлын үнэлгээний тайлан, зам тээврийн ослын газрын үзлэгийн тэмдэглэл зэргийг хуурамчаар бүрдүүлж, 343.3 сая төгрөгийн хохирол тус даатгалын компанид учруулсан юм байна. Тэд нэр бүхий 76 хүний бичиг баримтаар мөнгө завшсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон агаад шинжээчид тэдгээрийг нь хуурамч гэдгийг баталсан гэнэ. Мөн ТЦА болон хохирлын үнэлгээний компанийнхан тэр 76 тохиолдлыг нь нарийвчлан шалгаад дуудлага мэдээллийн санд бүртгэгдэж байгаагүйг нь тогтоож өгчээ.
Харин Д.Алтансүхийн хамжигч хэмээн буруутгагдаж буй Д.Зоригтбаатар нь давж заалдах гомдол гаргасан бөгөөд “Учруулсан 100 гаруй сая төгрөгийн хохирлоо сард 500 000-аар тооцон график гарган төлье, тэнсэн харгалзах ял оноож өгөөч” хэмээн шүүхэд хүсэлт хүргүүлсэн гэнэ.
Бэлтгэсэн: Г.Равжаа