Ирландын зохиолч Брэм Стокерын романд гардаг язгууртан гүн Дракула хэмээх цус сорогч үнэхээр байсан бол хамгийн түрүүнд Трансильваниягаас Япон руу нүүж ирэх байсан биз ээ. Учир нь Японы эрдэмтэд жинхэнэ хиймэл цус бүтээжээ. Тэд судалгааны үр дүнгээ Америкийн Transfusion сэтгүүлд нийтэлсэн байна. Судалгаанаас харахад хиймэл цусыг ямар бүлгийн цустайгаасаа үл хамааран ямар ч өвчтөнд хийж болох гэнэ. Мэргэжилтнүүд энэ нээлтийг анагаах ухаанд жинхэнэ тэсрэлт болж чадна гэж үзэж байна.
Хүнд яагаад цус хэрэгтэй вэ?
Хүнийг роботоос яаж ялгаж болохыг мэдэх үү? Хэрвээ та “Футурама” цуврал хүүхэлдэйн киног үздэг бол нэг анги дээр нь гол бүрийн баатрыг роботуудад зориулсан сэтгэцийн эмнэлэгт хүргэдэг шүү дээ. Түүнийг эмнэлгээс гаргахад тэр өөрийгөө жинхэнэ робот гэдэгтээ итгэчихсэн байдаг. Гол дүрийн баатар маань шархдаж, өөрийнхөө цусыг харах хүртлээ төөрөгдсөн хэвээрээ явдаг юм. Гэхдээ хүнд цус ямар хэрэгтэй гэж?
Улаан өнгийн энэ шингэн нь хүний биеийн жингийн 6-8%-ийг л эзэлдэг. Цус нь плазм, эс, эритроцит, лейкоцит, тромбоцит зэрэг эсийн хэсгүүд бүхий усны уусмалаар бүрддэг. Ерөнхийдөө бол цус нь судасны системээр эргэлддэг, бие махбодын дотоод орчны шингэн нэгдмэл эд юм. Цусны эргэлт нь зүрхний агших, тэлэх хэмнэлийн хүчээр явагддаг. Цус нь дотроо эритроцит хэмээх хүчилтөрөгч дамжуулдаг гемоглобин буюу эритроцит хэмээх цусны биет байдгаас болж улаан өнгөтэй байдаг. Цус нь уушгинаас хүчилтөрөгчийг эдэд хүргэх, эдээс нүүрсхүчлийн хийг авч уушгинд дамжуулах, бие махбодын эдүүдэд тэжээллэг бодис хүргэх маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Мөн биеийн температурыг зохицуулж, эрхтэн болон бие махбодын системийг хооронд нь холбох, хамгаалалтын болон механик үүрэг гүйцэтгэдэг байна.
Цусны бүлэг гэж юу вэ?
Та ямар бүлгийн цустайгаа мэдэх үү? Хэрвээ та мэдээгүй бол даруйхан мэдэж авахыг зөвлөж байна. Яагаад гэвэл хүн бүрийн цусны бүлэг өөр, төрөхөөсөө л тогтсон байдаг. Цусны бүлэг насан туршид өөрчлөгддөггүй. Мэргэжилтнүүд цусны бүлгийг ABO мөн Rh (резус-фактор) гэдгээр нь ангилдаг.
Цусны бүлгийг антиген хэмээх зүйл тодорхойлдог. Энэ нь цусны улаан биет болон эритроцитэд байдаг. Антиген гэдэг нь эсийн гадаргын бүтэц нь юм. Хэрвээ антиген нь бие махбодод таарахгүй бол хамгаалалтын урвал үзүүлнэ. Түүнчлэн резус-фактор ч мөн багагүй үүрэгтэй. Резус-фактор нь эерэг, сөрөг гэсэн хоёр янз. Rh нь эритроцитуудын гадаргуу дээр байрладаг D антигенээс хамааралтай. Хэрвээ D антиген нь цусны улаан биетийн гадаргуу дээр байршиж байвал эерэг резус-фактортой, D нь байхгүй байвал сөрөг резус-фактортой гэж үзнэ. Тиймээс цусыг сэлбэхдээ 100 хувь цус болон резус факторыг нь мэдэж байх ёстой.
Цусыг янз бүрийн тохиолдолд өвчтөнд сэлбэдэг. Гэхдээ хамгийн түгээмэл тохиолдол бол гэмтлээс болсон цус алдалт юм. Хүн бүрийн цусны бүлэг өөр өөр байдгаас болж хүмүүс сайн дураараа цусаа өгдөг донорын төвүүд байгуулагдсан. Тиймээс япон эрдэмтдийн нээлт бол анагаах ухаанд юугаар ч үнэлшгүй гайхалтай нээлт юм. Гэхдээ одоохондоо хиймэл цусыг хүмүүс дээр туршиж үзээгүй байна.
Хиймэл цусны талаар юу мэдэх вэ?
Үндэсний батлан хамгаалахын Анагаах ухааны коллежийн эрдэмтэд 10 туулай дээр хиймэл цусны туршилтыг явуулжээ. Бүх амьтад гэмтэж, цус их алдсан байсан. Судалгааны явцад 6 туулай нь амьд үлдсэн байна. Жинхэнэ цус сэлбүүлэх хяналтын бүлгийн туулайнуудад ч мөн ийм үр дүн гарсан байна. Хамгийн гол нь хиймэл цусны хэрэглээнээс ямар ч сөрөг үр дагавар илрээгүй гэж мэргэжилтнүүүд тэмдэглэж байна. Японы The Asahi Shimbun сонинд мэдээлснээр эрдэмтэд ойрын ирээдүйд хүн дээр туршилтаа явуулах гэнэ. Энэ бол сэлбэх цус хүрэлцээгүй онцгой тохиолдолд маш их хэрэгтэй. Хиймэл цус нь олон хүний амь насыг аварч чадна.Түүнчлэн цусны өвчтэй тодорхой бүлгийнхэнд түргэн тусламжийн машинд ч цус сэлбэх боломжтой болно гэсэн үг юм.
Хиймэл цусны бас нэгэн давуу тал нь тасалгааны температурт бүтэн жилийн турш хадгалж болдгоороо онцлогтой. Хиймэл цус нь тромбоцит агуулсан болохоор шарх хурдан аних, эритроцит нь чухал эрхтнүүдэд хүчилтөрөгч дамжуулах зэрэг давуу талтай.
Хиймэл цусны хүн дээр явуулах туршилт амжилттай болж, ирээдүйд эмч нар олон хүний амь насыг аврах боломж гарна гэдэгт найдаж байна.
UPDOWN.MN