Спортын төв ордон зогсоолынхоо үнийг нэмж, 30 минут тутамд 500 төгрөг төлөх зохицуулалтыг хийжээ. Энэ нь Спортын төв ордонд бэлтгэл сургуулилтаа хангадаг, цалин багатай тамирчдад хүндээр тусч байна. Спортын төв ордны энэхүү шийдвэрийн талаар хоёр хоногийн өмнө ДАШТ-ий хүрэл медаль, Дэлхийн цомын аварга, Азийн аваргын Мөнгөн медальт Хүндийн өргөлтийн тамирчин М.Анхцэцэг өөрийн фэйсбүүк хуудсандаа ийнхүү байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр “За нэг юм хэлэхгүй бол болохгүй нь ээ. Миний бие хүндийн өргөлтийн улсын шигшээ багийн тамирчин бөгөөд спортын төв ордонд бэлтгэл сургуулилтаа хангадаг. Насанд хүрэгчдийн шигшээ багийн цалин 380.000 байж байгаад төсвийн байгууллагын цалин нэмэгдэхэд 406.000 болсон. Залуучуудынх биднээс 100.000 төгрөгөөр бага. Өмнө нь бид ажилдаа ирээд явахдаа спортын төв ордны авто зогсоолд 1000 төгрөг тамирчин гэж хэлж тушаагаад гардаг байлаа. Гэтэл сая 12-р сарын эхээс 30 минут тутамд 500 төгрөг авна гэх юм. Өдөрт нэг бэлтгэл хийгээл гарахад 3000-3500 төгрөг. Хоёр бэлтгэл хийхэд 6000-7000 төгрөгийг нэг өдөрт ажлаа хийснийхээ төлөө тушаах нь.
Заримдаа 2 бэлтгэлийн хооронд зааландаа амрахад 10,000 төгрөг тушаа гэнэ. Сард дунджаар 150,000-200,000 өгнө. Ойр хавьд зогсоол байхгүй. Бид тэгээд улсын шигшээ багт харъяалагдаж цалин авдаг хэрнээ тал цалингаа ажлын газрын зогсоолдоо төлөх хэрэг үү? Бидний цаана цалин мөнгөгүй спортод хайртай зүтгэсээр байгаа тэр олон хүмүүс яах вэ? Энэ арай дэндүү биш үү? Мэддэг байгууллага, албан тушаалтнууд байвал бор зүрхээрээ бэлтгэлээ хийгээд явж байгаа тамирчин дасгалжуулагч нарынхаа халаасыг битгий ухаач гэж та нараас хичээнгүйлэн гуйя !!!” гэжээ.
Н.БАТАА