Сүм хийдүүд Цагаан сарын битүүний өглөөнөөс шинийн нэгний өглөөний нар мандах хүртэл ном хурж, Ванданлхам буюу Лхам бурханыг тахидаг. Арван хангал догшин сахиусын нэг, эх сахиус Балданлхамыг Лхас хот ба Түвдийн тэргүүн Далай ламын сахиус хэмээн үздэгтэй холбоотой онцгойлон тахидаг. Түвдээр Балдан Лхамо, Монголоор Цогт төгөлдөр охин тэнгэр хэмээх энэ бурхан нь урлагийн бурхан Янжинлхамын хилэнт дүр болой. Монголчууд алдраар нь дуудахыг цээрлэн, хөх юм хэмээн хүндлэн нэршсэн түүхтэй. Балданлхам бурхан нь эргэлдсэн улаан далайн төвд хуй салхи үймцсэний дотор хонгор халзан луусын нуруунаа хөхөмдөг дүртэй, догшин байдлаар сандайлан морилсон, нэг нигуур, хоёр мутартай, баруундаа бэрээ далайсан, зүүндээ гавал барьсан, амаа ангайж, дөрвөн хурц соёог сэрийлгэн, дугариг улаан мэлмий эргэлдүүлсэн, баруун сонороо арслан, зүүнээ могойгоор чимсэн, нойтон барын арьсан хормогч лугаа асаан ажирдаг. Голлогч шадар дөрвөн тэргүүтэй, 12 нөхөд сэлтээр хүрээлүүлэн баймуй.
Балданлхам эгэл Монголчуудын дунд Лхам сахиус гэх нэрээр ихэд алдаршсан бөгөөд оны эцсийн сарын битүүнд өрх бүрээр айлчилж ирдэг гэдэг. Мянган бурханы ном номлож, шашныг дэлгэрүүлэх болгонд гадны хорлох гай барцад саадыг даран зохиож, сахин хамгаалах тангарагтай Лхамын хөлөг нь нэгэн агшинд 3000 ертөнцийг эргэх шидтэй. Урьд шашин дэлгэр байсан цагт сүм хийд битүүний шөнө тусгайлан бэлдсэн сүмд Лхам бурханыг тахиж, үүдэнд элс асгаж, өглөө гэгээ орох үед үзэхэд луусын мөр гарсан байхыг хардаг байсан гэлцдэг.
Лхам бурхан нь ялгамжтайгаар онцолж, замбуутивийг битүүний шөнө эргэж, амьтны зовлонг нимгэлэх тул гэрийн тотгон дээр гурван ширхэг мөс тавьдаг. Энэ нь хонгох халүан луусын унд бөгөөд бие, хэл, сэтгэлийн өргөл болгож, буян хурааж байгаа үйл юм. Шинийн нэгний өглөө эртлэн босоод ургах нар луу харж, Лхам бурханы зүрхэн тарнийг уншихад тэр жилийн гай барцад бүгд арилж, нас буян нэмдэг гэж үздэг.
Лхамын зүрхэн тарни нь: Жо рогму жо, рогму жо жо, рогму түнжо, хала рагчэнму, рогму ажа дажа, түнжо рүло рүло, хум жо хум. Долоон үе болгож, энэ тарнийг уншихад долоон гишүүнтийн дээд тахил болдог нууц увдистай.
Домог сөхвөл, эрт цагт Тэнгэр Асури хоёр хоорондоо ихэд тэмцэлдэж, Асури хүч ихтэй тул дийлдээгүй аж. Тэгтэл тэнгэр орны хаан дайсныг дарах баатар хүү төрүүлмүй хэмээн ерөөл тавьсан боловч охин төржээ. Хаан эцэг ихэд гонсойн хэрэгсэхгүй байсанд хатан охиндоо Мипам Тоннир хэмээх нэр хайрлан өсгөж гэнэ. Хожим нь Мипам Тоннир хүчит Асури нарыг гэгээвчээр туссан нарны гэрлийг унан олон тэнгэр баатар нарыг хүйсэндээ нуун, дайсны оронд хүрч юүлэн тавьснаар олон гайхамшигт рид хувилгаанаар дарсан гэдэг. Түүнээс хойш Балдан магсор жалмо буюу Цогт цэргийн ялгуусан илд болсон эх гэж өргөмжлөн нэрлэх болжээ. Мөн лусын их могойг Хангарьд шувууны аюулаас аварсанд Лусын хаан их бишрэл, хүндэтгэлээр могойн чуулганыг тахил болгон өргөсөнд Лхам бурхан түүнийг өөртөө ээмэг зүүлт, луусандаа хазаар, ганзага, уяа чимэг болгон хэрэглэсэн гэдэг домогтой.