“Глоб интернешнл” төвийн тэргүүн Х.Наранжаргалтай хийсэн ярилцлагын үргэлжлэлийг хүргэж байна. Өмнө гарсан “Ямар сэтгүүл зүй байна, яг тийм л нийгэм байна” гарчигтай ярилцлагыг ЭНД дарж уншина уу.
–Хүний эрхийн асуудлыг хөнддөг нийгмийн томоохон төлөөлөлтэй ярилцаж байгаа учраас иргэний мэдэх эрхийн талаар товчхон тайлбар авах нь зөв байх. Манайхан мэдэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх гэсэн малгай дороос нийгэмдээ буруу жишиг тогтох үйлдлүүдийг их хийдэг боллоо. Үүнийг хүний эрх гэж үзэх үү?
-Мэдэх эрх гэдэг бол үзэг, микрофон бариад явж байгаа сэтгүүлчдийн эрх биш. Иргэний эрх юм. Тэр тусмаа хүний эрхийн үндсэн зарчмуудын нэг. Ардчилсан нийгмийн иргэдэд мэдээлэлтэй байх, мэдэх эрх зайлшгүй байдаг. Энэ нь өөрөө мэдээлэл олж авах, түүнийгээ түгээх, мэдээлэл солилцох, хуваалцах гэсэн бүлэг эрх юм. Амьд явах эрх үнэмлэхүй эрх байдаг бол үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэлтэй байх эрх чөлөө нь тодорхой хууль журмаар бас хязгаарлагддаг.
Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө гэж ярихаар манайхан гараад үгээ хэлэх асуудал гэж ойлгодог. Тийм биш. Энэ эрх чөлөө өөрөө үзэл бодлоо баримтлах эрх, мэдээлэлтэй байх эрх гэсэн хоёр бүрэлдэхүүнтэй. Хүн мэдээлэлтэй байх ёстой гэсэн эрх бүлэг эрх юм. Үзэл бодлоо баримтлах эрх чамд байх ёстой. Үзэл бодлоо баримтлах эрх дотор чинь үзэл бодлоо өөрчлөх эрх чөлөө ч багтдаг.
Монгол Улсын 1974 онд соёрхон баталсан Иргэний болон улстөрийн эрхийн олон улсын пакт гэж бий. Түүний 19-р зүйлд бусдын эрх, нэр төр, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, хүн амын эрүүл мэнд, ёс суртахууныг хуулиар тогтоосон хэм хэмжээгээр хязгаарлана, хамгаална гэсэн байгаа. Монгол Улс хамтын нийгэмлэгийн орнуудын өмнө үүргээ шударгаар сахин биелүүлнэ гэдгээ амласан. Тийм учраас энэ 19-р зүйл Монгол Улсад хэрэгжих ёстой.
Гэхдээ манайд үзэл бодлоо илэрхийлэх гэсэн томьёо үйлчлээд байгаа болохоос түүний хязгаарлалт нь үйлчлэхгүй байна. Хэн нэгэн хүн гарч ирээд бусдыг толгойг тасдаад газар тавиад бүжиглэх юм гэнэ. Энэ бол их муухай хүчирхийлэлд уриалан дуудаж байгаа хэлбэр шүү дээ.
Мэдээлэлтэй байхын хэрээр хүний үзэл бодол төлөвшдөг. Жишээ нь, хүнд эцэг эх, эмээ өвөөгийн хүмүүжил, гэр бүлээс өвлөгдсөн өөрийн гэсэн үзэл бодол байдаг. Үүнээс гадна “таамагласан үзэл бодол” бий. Гэтэл сүүлийн үед манайхан хардах эрх гэж нэг зүйл яриад байдаг боллоо. Энэ хаанаас гарч ирсэн үг болохыг мэдэхгүй. Хардах эрх гэж эрх байдаггүй юм.
-Энэ үгийг улстөрчид, нийгэмд үзэл бодлоо идэвхтэй илэрхийлэх гэсэн иргэд мөн хэвлэлийнхэн, сэтгүүлчид нэлээн хэрэглэж байгаа шүү дээ?
-Хардах эрх гэж байхгүй ээ. Англи хэл дээр ч, орос дээр ч шүүгээд үзээрэй. Манайхан ямар эрхийг хардах эрх гээд хоногшуулаад байгаа юм мэдэхгүй. Энэ бол таамагласан үзэл бодол.
Хэн нэгэн хүнийг “Энэ өндөр албан тушаал хашиж байсан, хахууль авсан байж болзошгүй” гэж бодож байгаа бол энэ нь таамаглал гэсэн үг. Ийм таамагласан үзэл бодлыг ухамсарласан үзэл бодол болтол шалгах нь сэтгүүлчийн үүрэг. Тэгж байж л чамд жинхэнэ ухамсарласан үзэл бодол бий болно. Үүний дараа тухайн асуудлаа гаргаж тавих ёстой юм.
Сэтгүүл зүй, чөлөөт илэрхийлэл хоёр юугаараа ялгаатай гэвэл, иргэд улс оронд өрнөж байгаа үйл явдлын мэдээллийг байнга авахыг хүсдэг. Тэр хүнд өөрөө яваад мэдээлэл хайж, олсон мэдээлэлд дүн шинжилгээ хийх цаг зав, боломж байхгүй. Заримд нь тийм чадвар байхгүй. Тийм учраас хүмүүс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд итгэл найдвараа өгдөг.
Чи сэтгүүлч хүн. Миний өмнөөс мэдээлэл цуглуулж, боловсруулаад надад түгээгээд өг. Гэхдээ би үнэнийг мэдэхийг хүсч буй учраас чиний надад өгөх мэдээлэл үнэн бодит байх ёстой гэсэн ийм хандлага, харилцаа хэвлэл мэдээлэл, иргэн хоёрын дунд явагддаг. Иргэд мэдэх эрхээ эдлэхийн тулд сэтгүүлчдэд итгэл найдвар өгч, давуу эрх олгож, мэдээллийг нь уншдаг гэсэн үг. Тийм учраас сэтгүүлч өөрийн үзэл бодлоо тулгаж болдоггүй.
Сэтгүүлчийн таамаагласан, ухамсарласан үзэл бодол бол тухайн хүний л үзэл бодол. Харин өөр өөр эх сурвалжийг ашиглан, олон үзэл бодлыг гаргаж ирж байж мэдээлэл нь стандартдаа нийцэж, хэвлэл мэдээлэл нь олон ургалч үзэлтэй болж харагддаг. Сэтгүүл зүй өөрийн гэсэн дүрэмтэй, өөрийн гэсэн мэргэжлийн болоод ёс зүйн хэм хэмжээтэй. Түүнийхээ дагуу ажилладаг учраас хайрцаглагдсан илэрхийлэлтэй гэж хэлдэг.
Сэтгүүлчид жирийн иргэдийг бодвол мэдээлэлд байнга ойр байна уу гэвэл тийм. Яагаад гэвэл энэ бол мэргэжлийн мөн чанар. Салбар бүрийн бүхий л хүмүүстэй уулзана, мэдээлэл сонсоно. Гэхдээ сонссон бүхнээ бичээд араас нь өөрийн үзэл бодлоо тулгаад байвал энэ нь сэтгүүл зүй биш чөлөөт илэрхийлэл болчихно. Фэйсбүүк, твиттер гэх мэт нийтийн сүлжээнд өрнөж байгаа мэдээллүүд чинь чөлөөт илэрхийлэл байхгүй юу.
-Идэвхтэй хөгжиж байгаа нийгмийн сүлжээ, фэйсбүүк, твиттер хэвлэл мэдээллийнхний өрсөлдөгч үү, боломж уу. Аль эсвэл эрсдэл үү?
-Уламжлалт бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл өөрсдийн цахимд талбартай болсон байна. Бүгд биш юм гэхэд ядаж нэг хэвлэл мэдээлэл нь редакцаараа сууж байгаад стратегиа боловсруулах цаг болсон. Фэйсбүүк бидний хувьд эрсдэл үү, боломж уу. Эрсдэл юм бол үүнийг яаж даван туулах юм. Боломж гэж харж байгаа бол энэ олон фэйсбүүк хэрэглэгчийг яаж өөрийн үйл ажиллагаанд татах вэ гэсэн бодлогоо боловсруулах ёстой.
Нэг редакцын бэлтгэсэн, хөндөх гэж байсан үйл явдлыг нийгмийн сүлжээнд хэн нэгэн түрүүлээд цацчихлаа. Тийм учраас өрсөлдөгч гэж хараад байна уу. Энд ердөө нэг л ялгаа бий. Мэргэжлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нөгөө нь чөлөөт илэрхийлэлтэй нийгмийн хэвлэл мэдээлэл. Тэнд хүн өөрийн бодсон санасан бүгдийг тавьж болно. Хоёр талын бие бие рүүгээ дайрсан, үгүйсгэсэн зөрчилдсөн айхтар агуулгууд явж байдаг.
Тэр айхтар туйлшрал, өдөөн хатгалгыг утга учиртай агуулгаар залруулах нь мэргэжлийн хэвлэл мэдээллийн үүрэг. Жишээ нь, Үндэсний фронтын асуудал байна. Б.Баярмагнай генерал фронтоос гарчээ. Ш.Гантулга нь дарга боллоо гэсэн хоёр талын зөрчил байна. Иргэд бол аль нь аятайхан санагдана, аль нь өөрийн эрх ашигт нийцүүлэн ярина түүнийг дагаад л хуйларна. Үүний зөв буруу алинд байна вэ гэсэн ялгааг олох ажлыг мэргэжлийн сэтгүүл зүй хийх ёстой.
Харин мэргэжлийн хэвлэл мэдээллийн үүргийг бууруулж, нийгмийн хэвлэл мэдээллийг түлхүү ашиглах сонирхол улстөрийн хүрээнд их болсон. Хамгийн тод жишээ бол сүүлийн хоёр сонгууль. Хэзээ ч байгаагүй бохир сонгуулийн сурталчилгаа болсон. Үүнийг жирийн иргэн санаачлаагүй. Өөрсдөө тодорхой хүмүүсийг хөдөлгөж, олон нийтийг нэгнийхээ эсрэг турхирсан ажил.
Уг нь бол хүчирхийлэлд уриалан дуудаж хөөргөх, ялгаварлан гадуурхах, хэт үндсэрхэг үзлийг дэвэргэх, дайныг сурталчлах, хөөрөгдөхийг хориглох асуудал нь өөрөө Иргэний болон улстөрийн олон улсын пактын 2-р зүйлээр хязгаарлагдсан байгаа. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд хязгаарлагддаг эрх гэдэг нь ийм учиртай юм.
-Үнэхээр хараат бусаар ажиллахын тулд ХМХ юуг авч, юуг гээж явах ёстой вэ?
-Хараат бус олон ургалч, чөлөөт ХМХ гэж Засгийн газар болон бусад хөндлөнгийн нөлөөллөөс хараат ажилладаг редакцыг хэлдэг. Хэвлэлийн эрх чөлөө гэдэг бол ерөөсөө л хэн нэгний хөндлөнгийн дарамт шахалтаас ангид байхыг хэлнэ гээд Олон улсын сэтгүүлчдийн холбооны Ардчилсан хэвлэл мэдээллийн соёлын тунхагт тодорхойлсон. Чөлөөт хэвлэл мэдээллийн зарчмыг ямар нөхцөлд хязгаарладаг вэ гэхээр:
-Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах,
-Бусдын эрх, нэр хүнд, алдар хүндийг хамгаалах,
-Нийгмийн дэг журам, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс хязгаарладаг. Нийгмийн дэг журамд нийгмийн зан сурталын маралын асуудал ордог. Зарим тохиолдолд нийтээр хэн нэгэн хүнийг хэтэрхий ялгаварлан гадуурхаж, үзэн ядаж байна. Энэ нь хүн амиа хорлох хэмжээнд хүргэх аюултай учраас хязгаарлаж байгаа юм. Нийгмийн дэг журам гэдэг ганцхан үймээн самуун гаргах асуудал биш. Ёс суртахуун хамаарна. Энэ бүхэнд бид нийтээрээ суралцах шаардлагатай.
-Та сэтгүүлч иргэдийн итгэл дээр тулгуурлаж сэтгүүл зүйн үйл ажиллагаа явуулах эрхээ олж авдаг тухай хөндсөн. Манай нөхцөлд, одоогийн байдлаар сэтгүүл зүй, иргэдийн хоорондын итгэлцэл ямархуу түвшинд байх шиг санагдаж байна вэ?
-Сэтгүүлч төлбөртэй нэвтрүүлгийг сэтгүүл зүйн аргаар хийчхээд төлбөртэй гэж тавиагүй учраас иргэн төөрөлдөж байна. Сэтгүүлч учраас иргэн итгээд байна. Гэтэл тэрийг чи хэн нэгэн хүний даалгавраар, редакцын даалгавраар, эсвэл редакцдаа мөнгө олохын тулд мөнгийг аваад хийсэн зүйл байх жишээтэй.
Ингэж өөрсдийнхөө мэргэжлийг муухай харагдуулахгүй хайрламаар л байгаа юм даа, сэтгүүлчид. Мэргэжлийн үнэ цэнээ ингэж бууруулмааргүй байна. Үүнд нөлөөлж байгаа олон зүйл байна. Жишээ нь, хэвлэл мэдээллийн хэрэгслийн өмчлөлийн асуудал. Өнөөдөр “С1 телевиз Х.Баттулгынх гэнэ билээ” гэсэн таамаг төдий л мэдээ байгаа болохоос яг хэдэн хүн тэр ТВ-ий зэмшдэг вэ гэдэг нь тодорхой биш.
Радио телевизийн эзэмшлийг тайлагнах нэг журам бий. Түүнд жинхэнэ далд эзэн нь тодорхойгүй байдаг. Удирдах албан тушаалтан, эрхлэгч гэх мэт олны танил болсон хүмүүсийн нэр л байдаг. С1 телевиз Х.Баттулгатай хамааралтай гэж яригддаг ч үнэн эсэх нь тодорхойгүй, эзэмшдэг хувь нь хэд вэ гэдгийг иргэд мэддэггүй. Эсвэл өөр хүнийх юм уу гээд олон асуулт ард нь үлддэг.
Өнөөдөр дэлхийн хэмжээнд төвлөрлийн асуудлыг ярьж байна. Иракийн дайнаас хойш төвлөрөл гэсэн сэдэв хэвлэл мэдээллийн салбарт эрх зүйн том асуудал болон гарч ирсэн. Австралийн хэвлэлийн магнат Мардок Австралийн дараа нь АНУ-ын гэх мэт ХМХ-үүдийг худалдаж аваад байна.
Нэг хүний гарт ТВ, радио сонин гээд олон ХМХ орчихоор нэг том чухал үйл явдлын талаар тэр ХМХ-үүд нэг өнгөөр дуугарна гэсэн үг. Олон ургалч үзэл байхгүй болно. Яахав, Монголын жижиг зах зээлд байгаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд олон ургалч байна уу гэхээр бас байгаад байна. Гэхдээ энэ нь эзэн нь аль намын гишүүн бэ гэдгээс хамаараад. Монголын хэвлэлүүд өнөөдөр ерөнхийдөө хоёр том намын дуу хоолой болоод хувирчихлаа. Тэгээд АН-ын сэтгүүлчид, МАН-ын сэтгүүлчид гэсэн нэр томьёо хүртэл гараад ирж байх жишээтэй.
-Иргэдийн мэдэх эрх, үнэн бодит мэдээлэл авах эрх суларч, тэдний ХМХ-д итгэх итгэл алдарч байна. Ийм үнэлгээ сэтгүүл зүйн салбар, хэвлэл мэдээллийнхэнд хохирол дагуулна уу гэхээс хожил авчрахгүй байх. Энэ итгэлийг яаж сэргээвэл дээр вэ?
-Монголын сэтгүүл зүй өнөөдөр маш том эрсдэлийн өмнө зогсож байна. Би бүх сайт сониныг уншиж, телевиз үзээд судалгаа хийдэг хүн биш. Гэхдээ өнөөдөр Би Монгол улсын иргэн, монголд амьдардаг. Тэгсэн хэрнээ өдөр тутмын сонин уншихгүйгээр, телевиз үзэхгүйгээр бусад газраас мэдээллээ олоод авах боломжтой болчихсон. Шулуухан хэлэхэд бараг сонин, сайт уншиж, телевиз үзэж нервээ бараад яах вэ гэмээр л болчихсон байна.
ХМХ миний болон тодорхой бүлгийн, нийт хэрэглэгчийн итгэлийг дааж байна уу, үгүй юу гэсэн том асуудал хөндөгдөж байгаа юм. Хэрвээ бизнес хийж байгаа бол маркетингийн гол зарчим, хэрэглэгчийнхээ итгэлийг даа л даа. Итгэл даана гэдэг тэр хүн танд итгэдэг байх ёстой. Тэгэхээр ганц хүний үзэл бодлыг биш олон хүний үзэл бодол, үүнд тулгуурласан баримт нотолгоог хийх ёстой л гэсэн үг. Энд ур чадвар шаардана гэсэн үг. Ур чадвараас гадна өндөр ёс зүйн асуудал шаардагдана.
-Энэ олон ХМХ дээр нь олон нийтийн сүлжээнд тарж байгаа мэдээлэл иргэдээ төөрөгдөлд оруулаад байгаа. Энэ дээр Таны санааг зовоож байгаа асуудал юу байна вэ?
-Монгол Улсын иргэний хувьд нэг санаа зовж байгаа зүйл бол манай нийгмийн хэвлэл мэдээллээр түгээж байгаа, солилцож байгаа мэдээллийн өнгө төрх. Хүн ам нь ердөө 3.2 саяхан. Тэгсэн хэр нь фэйсбүүк хэрэглээгээрээ Азид нэгт орж байна гээд бод л доо. Манай бүх хүн ам, дарга цэргийн бүх дата, мэдээлэл олон нийтийн сүлжээнд байна.
Манай хоёр хөршид манай фэйсбүүк хэрэглэгчдийн хувийн мэдээлэл байж байна гэсэн үг. Өнөөдөр Монгол Улс фэйсбүүк хэрэглэгчдийнхээ судалгаа хийгээд, нийгмийн сэтгэл зүй ямар байна вэ гэдгээ тодорхойлох цаг болсон баймаар. Үүнийг дагаад нийгмийн соёлынхоо асуудлыг яаж шийдэх юм, энэ улс хаашаа замнах юм гэдгээ ч тодорхойлох ёстой байх аа.
–Нийгмийн соён гэгээрэл, нийгмийн сэтгэл зүй, нийгмийн төлөвшил ярьдаг хүн цөөрсөн байна. Уг нь яг одоо л энэ чиглэлийн мэргэжилтнүүд, уран бүтээлчид, соён гэгээрүүлэгчид ухаанаа уралдуулж байх ёстой юм шиг. Тэд хаачив аа, тэдний дуу яагаад ийм сул байна вэ?
-Өнөөдөр ямар ч хүн нийгмийн соёл, зан суртахуун маралын тухай ярихгүй байна. Бид зөв буруугаа ойлгохоо болиод хөл толгойгүй болчихсон явцгааж байна шүү дээ. Гэтэл бусад оронд бол Монголын ямар насны ямар бүлэгт, ямар насны ямар боловсролтой хүмүүст юу гэж хэлбэл энэ улс орныг дотроос нь бутаргачих вэ гэсэн мэдээлэл бэлэн байж байна. Энэ бол Азидаа тэргүүлж байгаа энэ Фэйсбүүкчдийн дата.
Энэ чинь өөрөө Үндэсний аюулгүй байдалд хамгийн халтай. Үндэсний аюулгүй байдлын асуудлыг ганц хоёр Төрийн байгууллага мэдээлэл хийгээд олгох уу гэж биш бүүр бодлогоор цэгцлэх ёстой. Манайхан болохоор олон нийтийн сүлжээний янз бүрийн хуурамч хаягыг ч юм уу зүгээр хаачихъя л гээд байгаа. Сонгуулийн үеэр түр хаах уу ч гэдэг. Эсвэл иргэний үнэмлэхээр хянана ч гэх мэт янз бүрийн л гарц ярьж байгаа.
-Олон нийтийн сүлжээнд ихэнх цагаа зарцуулдаг хүмүүс их болсон. Гэхдээ тэд бол энэ аюулыг олж харахгүй л болов уу, тэдэнд яаж ойлгуулбал зүгээр юм бол?
Энэ бол мэдээлэл цуглуулж байгаа хүнд бүр бэлэн хоол гэсэн үг. Манай иргэний бүртгэл чинь хурууны хээ, иргэний бүртгэлийн дугаар хоёр дээр л тогтож байгаа. Гэтэл манайд өгөгдөл хамгаалах хууль алга. Тэгэхээр Монгол Улс иргэнээ хамгаалахгүй л байгаа байхгүй юу. Гэтэл иргэдийн дунд дотоодын ямар интервенц хийвэл бид Монгол Улсыг байхгүй болгох вэ гэсэн бодлого хөрш хоёр орноос гадна бусад улс оронд ил байгаад байна.
Андашгүй, нэг хэсэг нэг хүний эсрэг, эсвэл нэг асуудлын эсрэг массаараа дайрдаг. Энэ нь хэдэн хүнийг хөлслөөд зохион байгуулалттайгаар хийж байгаа ажил гэдэг нь шууд харагддаг. Аягүй бүдүүлэг. Үүний ард хэн нэгэн улстөрч, эрх мэдэлтэн нэгнийгээ чадах гэсэн санаа л нуугдаж байдаг.
Улс төрийн, улстөрчдийн ёс зүйн асуудлыг ярихгүй хэр нь бурууг нь жирийн хэрэглэгчдэд өгч болохгүй. Нийгмийн сэтгэл зүйг судалдаг бүхэл бүтэн институт энэ дээр ажиллаж байх хэрэгтэй шүү дээ. Ажиллаж байж магадгүй л юм. Гэхдээ намайг хэн муулж байна гэдгээ л түлхүү судлаад байна. УИХ-ын гишүүн бүхэн олон нийтийн сүлжээний багтай байна. Хайран мөнгө биз дээ.
Ярилцсан Н.ЦЭНДБАТ
1 comment
Олон нийтин мэдээлэлийн агуулгын үнэ цэнийг дээшлүүлж, ур чадварыг өсгөх асуудлаа иргэд бид нэгэн утгаар ухаарч ярьж, бичиж, уншиж тунгаах цаг ирлээ. Нийгмийн аливаа үйл явц үүсэх өрнөж дэлгэрэх, бас хязгаар тогтоох цаг хугацаатай байдаг аж. Үндэсний аюулгүй байдал, гэх юм уу үндэсний амар тайван байдал гэх юм уу энэ үзэгдэлд харш, улс үндэстнийхээ оршин тогтнохуй, амар тайван хөгжилд заналхийлсэн, хүний нэрд төрд илэрхий халдаж доромжилсон мэдээ мэдээлэл ихэд тардаг болсныг зүй зохистойгоор хязгаарлах цаг нь нэгэнт болжээ.