Капитал банканд Нийгмийн даатгалын ерөнхий газрын 104 тэрбум төгрөг  харилцах дансанд нь байжээ.  Гэвч энэхүү мөнгийг нь Засгийн газрын өр төлбөр, албан татвар гэж үзсэн байна. Тиймээс Нийгмийн даатгалын ерөнхий газраас Захиргааны хэргийн шүүхэд ханджээ.

Энэ талаар НДЕГ-ын Санхүү, бүртгэлийн газрын дарга Б.Даваахүү ийнхүү ярьжээ. Тэрбээр ” 2013 оноос хойш тус банканд байршуулсан мөнгөн хөрөнгө 31-ээс 126 тэрбум төгрөг болж ихээхэн өсөөд 2018 оны эхний өдрөөс эргээд буурсан. Энэ оны гуравдугаар сарын 31-ний байдлаар 287 сая төгрөгийн хадгаламж, 104 тэрбум төгрөг харилцах дансанд байв.

Капитал банканд томилогдсон Монголбанкны эрх хүлээн авагч болон Капитал банкны зөвлөлийн гишүүдтэй нийт 26 удаа уулзсан. Тус банктай тооцоо нийлэх, баталгаажуулах, хөрөнгө нэхэмжлэхээр ажлын хэсэг ажиллаж байна. Капитал банканд манай 100 гаруй данс бий. Бид нийт 104 тэрбум төгрөгийг эрх хүлээн авагчаас нэхэмжилсэн.

Банкны тухай хуулийн 71-т заасан хугацаанд нэхэмжлэхдээ тус хуулийн 73.1.5-д зааснаар даатгагдаагүй мөнгөн хадгаламжаа нэхэмжилсэн. Учир нь энэ мөнгөн хөрөнгө бол Засгийн газрын мөнгө биш, харин нийгмийн даатгалын шимтгэл төлсөн иргэд, ААН-үүдийн мөнгө. Гэвч эрх хүлээн авагч Капитал банкны хохирлыг барагдуулах дарааллын дагуу Банкны тухай хуулийн 73.1.8 буюу Засгийн газрын өр төлбөр, албан татвар гэж үзсэн. Иймд бид нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хандаад байна. Бидний нэхэмжилсэн 104 тэрбум төгрөгт ажил олгогчдын төлсөн шимтгэл ч багтсан тул Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийг гуравдагч талаар татсан” гэх тайлбарыг өгчээ.

Н.БАТАА

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн