УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт тавьж хариулт авч буй бөгөөд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн хэлсэн үгийг хүргэе.
Б.Пүрэвдорж: 2019 оны аравдугаар сарын мэдээгээр 629 гэмт хэрэг хэрэгсэхгүй болжээ. 1200 гаруй гэмт хэрэгтэн ял зэмгүй явж байна. Авлига, албан тушаалын 42 гэмт хэрэг хэрэгсэхгүй болсон. Гэр, албан тасалгаанаас нь нэг тэрбумын авлига илэрсэн оймсчин ялгүй явж байна. 30 гаруйхан хоногийн дотор Прокурор 47 хэрэг хэрэгсэхгүй болгожээ.
Тун удахгүй авлигын 11 хэрэг хэрэгсэхгүй болно. Хэрэгсэхгүй хэрэг дотор алдарт Жастын Ш.Батхүүгийн хэрэг явж байгаа. Хохирол нь 121 тэрбумын хэрэг. Авлига албан тушаалын хэрэг хожуу илэрдэг. Энэ үед илэрсэн хэрэг бүгд хэрэгсэхгүй болох нөхцөл үүсэж байгаа.
Эрүүгийн хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан Х.Нямбаатар, Ш.Раднаасэд, Ц.Нямдорж нарт хариуцлага тооцох ёстой. Өдөрт 1-2 хэрэг хэрэгсэхгүй болж байна. Хөөн хэлэлцэх хугацааг дахин тоолох тухай Нямбаатар ярьж байгаа ч боломжгүй.
Авлига, албан тушаалын хэргүүд хэрэгсэхгүй болох зүйл хийчхээд хэзээ хойно нь өөрчилсөн зүйл оруулж ирж байгаа нь хариуцлагагүй үйлдэл. Төрд явсан албан тушаалтнууд хоёр том намаас гарсан. Гэм буруутай бол тохирсон ялыг нь үүрүүлэх ёстой. Замд нь хөөн хэлэлцэх хугацаа гэдэг зүйлээр хуулийн байгууллагын ажлыг нурааж байгаад харамсч байна гэв.