Парламентын 2020 оны сонгуулийг шинэ хуулиар явуулах асуудал УИХ-ын Байнгын хороод дээр хэлэлцэгдэж эхэлсэн. Төрийн байгуулалтын байнгын хорооны арванхоёрдугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэгдсэн Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн гишүүд хэлэлцэхээс түр татгалзсан байгаа.
Шалтгаан нь намын бүлэг, зөвлөл болон гишүүдэд хуулийн төсөлтэй танилцаж уншиж судлах боломж олгох үүднээс гишүүдээс гаргасан горимын саналын дагуу хуулийн төслийн хэлэлцүүлгийг түр хойшлуулаад байгаа юм.
Түүхийн хуудсыг эргүүлж сөхвөл, өнгөрсөн 28 жилд монголчууд Улсын Бага Хурлын нэг, УИХ-ын долоон сонгуульд санал өгч, засгийн эрх барих улс төрийн намуудыг сонгожээ. Сонгууль болох тоолонд эрх барьж байгаа улс төрийн нам Сонгуулийн хуулийг санасандаа хүртэл өөрчилдөг жишиг ч ёс юм шиг тогтсон. Энэ жишиг 2020 оны УИХ-ын сонгуульд ч үргэлжилж байгаа юм.
Гэхдээ зөвхөн би, зөвхөн бид, зөвхөн манай нам ялах ёстой гэсэн бодлоор өөрчилсөн Сонгуулийн хууль харин эзэндээ огт ээлээ өгөөгүйг доорх баримтаар харуулъя.
Хамгийн анхны 1992 оны Улсын Бага Хурлыг хийх Сонгуулийн хуулийн автороор тухайн үед Улсын Бага Хурлын дарга байсан Р.Гончигдорж ажилласан гэдэг. Р.Гончигдоржийн санаачлан зүтгүүлсэн хуулиар сонгууль явагдсан ч МАН ялалт байгуулж байжээ.
Үүний дараах 1996 онд Сонгуулийн тухай хуулийг тухайн үеийн УИХ-ын дарга Н.Багабанди тэргүүтэй МАН-ын гишүүд санаачлан, мөн л өөрийн намд ашигтай байхаар баталсан гэдэг. Гэхдээ сонгуулийн ялалтыг Ардчилсан холбоо эвсэл авсан байдаг.
МАН руу сүүлээ шарвасан Сонгуулийн хуулийн үр дүнг амталж дөрвөн жил Засгийн эрх барьсан Ардчилсан холбоо эвсэл 2000 оны сонгуулийн өмнө мөн л Сонгуулийн хуулийг өөрчлөхөөр ханцуй шамлаж, хүссэндээ ч хүрсэн.
Харин Сонгуулийн хууль Ардчилсан холбоо эвслийнхэнд ээлээ өгөөгүй. Ялалтын тугийг МАН мандуулж, энэ нам УИХ-д 72 суудал авч үнэмлэхүй олонхи болж байлаа. Энэ сонгуулиар МҮАН, ИЗНН, Эх Орон нам тус бүр нэг нэг суудал авч, нэг бие даагч сонгогдож байв.
2004 оны УИХ-ын сонгуулийн өмнө МАН энэ хуулийг дахин өөрчилж, мөн л өөрт ашигтай байхаар тохируулсан ч МАН парламентад ердөө 36 суудал авсан. Энэ сонгуульд “Эх орон-Ардчилал” эвсэл 36, БНН нэг суудал авч, гурван бие даагч сонгогдсноор анхны эвслийн Засгийн газар байгуулагдаж байсан билээ.
2008 оны УИХ-ын сонгуулийн өмнө олон намын төлөөлөлтэй холимог парламент энэ хуулийг өөрчлөхгүй бол ерөөсөө болохгүй гэсээр Сонгуулийн хуульд дахиад л гар хүрлээ. Хэд хэдэн бие даагчтай, хэд хэдэн улс төрийн намын төлөөлөтэй энэ парламентын зөвшилцөж баталсан хуулийн үр шимийг МАН арай ахиухан хүртэл УИХ-д 45 суудал авсан бол АН 28, Ногоон Нам, ИХНН-ын “Иргэний эвсэл”, ИЗН тус тус нэг нэг суудал авч, нэг бие даагч сонгогдож байв.
2012 оны УИХ нэлээн удаан хэлэлцэн байж, энэ хуульд дахиад л өөрчлөлт оруулсан. Харин сонгуулийн дүн гарахад АН 34, МАН 26, МАХН-МҮАН-ы Шударга ёс эвсэл 11, Иргэний Зориг Ногоон Нам 2 суудал авч, 3 бие даагч сонгогдож байв.
2016 оны сонгуулиар засгийн эрх барьж байсан АН сонгууль болохоос ердөө нэг, хоёр сарын өмнө зарим аймгийн тойргийг хасч, зарим аймагт тойрог нэмж, хэрүүл шуугиантайгаар өөрт ашигтай гэж үзсэн Сонгуулийн хуулийг баталсан ч бялууг нь МАН ахиухан хүртэж, 65 нэр дэвшигчээ УИХ-ын босгоор амжилттай давуулсан билээ.
Хуульд орж буй нэг томоохон өөрчлөлт бол олон нийтийн сүлжээг сонгуулийн үеэр хэрхэн ашиглах тухай асуудал. Олон нийтийн сүлжээний улс төрийн үйл явцад үзүүлж буй нөлөө нэмэгдсэн нь энэ асуудлыг хэрхэн хуульчлах вэ гэсэн шаналанг улстөрчдөд авчраад байгаа юм. Төсөлд “ЦАХИМ ОРЧИН” хэрхэн хуульчлагдаж байгаа талаар зураглан үзүүлж байна.