АТГ-ын хяналт шалгалт улам бүр чангарсаар байна. Тус байгууллагын ХОМ-ийн хяналт шалгалтаар дараахь зөрчлүүд илэрчээ
- Албан тушаалтан Д-гийн авсан их хэмжээний зээлүүдийн зарцуулалт, эргэн төлөлт болон хувь нийлүүлсэн, хөрөнгө оруулсан хуулийн этгээдүүдийн үйл ажиллагааг АТГ дотооддоо шилжүүлэн нарийвчлан шалгаж байна.
- Албан тушаалтан Г эхнэрийнхээ нэр дээр байдаг 63 сая төгрөгийн байр, мөн Lexus машинаа мэдүүлээгүй шалтгаанаа “нэг гэрт үргэлж амьдарч байгаагүй” гэж тайлбарласан ч энэ нь худал болохыг шалгалтаар тогтоожээ.
- Албан тушаалтан О нь эцэг, эхээс тусламж болгож өгсөн 12.6 сая төгрөгийг мэдүүлээгүй байна. Түүний зөрчлийн хэмжээ сарын цалингаас нь 11 дахин их байв.
- Албан тушаалтан М нь жил дараалан орлогоо дутуу мэдүүлж байсан, түүний мэдүүлгийг шалгахад илэрсэн зөрчлийн хэмжээ сарын цалингаас нь 10 дахин их байна.
- Албан тушаалтан М нь гэр бүлийнхээ гишүүний дансан дахь 34.7 сая төгрөгийг мэдүүлээгүй нуусан байна.
- Мэдүүлэг гаргагч О нь тээврийн хэрэгсэл, хадгаламж, бэлэн мөнгө, гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлогыг дутуу мэдүүлсэн.
Дээрх албан тушаалтнуудад авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцох шаардлагатай.
Гэвч хариуцлагыг АТГ нь өөрөө очоод авах хуулийн зохицуулалт байдаггүй юм. Зөрчил гаргасан албан тушаалтныг томилсон удирдлага нь хариуцлага хүлээлгэх ёстой.
Ямарч байсан АТГ-аас хариуцлага тооцохыг анхааруулсан албан бичиг хүргүүлсэн гэж АТГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан Т.Тунгалаг өөрийн цахим хуудсандаа мэдээлсэн байна.