Монголын хөлбөмбөгийн оны шилдгүүдийг тодруулах “Алтан бөмбөг” ёслолын үйл ажиллагаа өчигдөр боллоо.
МХБХ-ны 60 жилийн ойтой давхцаж буй уг арга хэмжээ УДЭТ-ын алтан тайзнаа нээлтээ хийж, өнгөрсөн жилээс сонгодог хэлбэрээр өрнөж буй.
Энэ удаагийн “Алтан бөмбөг”-ийн онцлог нь үзэгч хөгжөөн дэмжигчдийн оролцоог илүүтэйгээр нэмэгдүүлсэн явдал байв. Тодруулбал “Бэлгэдлийн 11”, “Шилдэг гоол”-ын шагналыг 100 хувь үзэгчдийн саналаар тодрууллаа.
Харин “Шилдэг эрэгтэй тоглогч”, “Шилдэг эмэгтэй тоглогч”, “Шилдэг футзалын тоглогч”, “Шилдэг эрэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч”, “Шилдэг эмэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч” гэсэн номинацууд “Мазала” үндэсний дээд лиг, Нэгдүгээр лиг, “Футзалын дээд лиг”, “Эмэгтэйчүүдийн лиг”-ийн ахлагч, ахлах дасгалжуулагч, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны сэтгүүлчдийн саналаар тодорсон юм.
Ийнхүү дараах байдлаар шилгүүд нэрлэгдэв.
Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал:
Хөлбөмбөгийн спортыг олон нийтэд хүргэх, хүүхэд багачуудыг эрүүл чийрэг, багаар ажиллах чадвартай, бие даасан хүн болоход чухал нөлөө үзүүлэн ажиллаж, үндэсний шигшээ баг, дээд лигийн тоглогчдыг олноор нь бэлдсэн “Дуулиан 2020” ТББ байгууллага “Алтан бөмбөг-2019” ёслолын үйл ажиллагааны “Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал”-ыг хүртлээ.
2015-2020 он хүртэлх үйл ажиллагаа идэвхтэй, үр дүнтэй явуулсаныг нь үнэлж МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар шагналыг гардуулав.
Шилдэг өсвөрийн хөлбөмбөгчин:
Ирээдүйд үндэсний шигшээ баг, дээд лигийн од тоглогч болон гялалзах чадвартай авьяаслаг хөлбөмбөгчдийг 2019 оны “Алтан бөмбөг” ёслолын үйл ажиллагаанаас эхлэн “Шилдэг өсвөрийн хөлбөмбөгчин” шагналаар урамшуулж байхаар болсон билээ.
2019 оны “Шилдэг өсвөрийн хөлбөмбөгчин” шагналыг Монгол Улсын 16 хүртэлх насны шигшээ баг болон “Дэрэн” клубийн хагас хамгаалагч Д.Шийравжамц хүртлээ.
Оны шилдэг шүүгч:
Хөлбөмбөгийн спортын салшгүй нэг хэсэг шүүгчдээс ололт амжилтаараа манлайлсан шилдэг шүүгчээр Э.Галбадрах тодорлоо. 2019 онд ОУХБХ-ны туслах шүүгчийн болзол хангасан Э.Галбадрах “Мазала” үндэсний дээд лигийн шилдэг туслах болоод байсан бол энэ удаад “Алтан шүгэл” шагналыг хүртэж байна.
Шилдэг эмэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч:
“Арвис” клубийн дасгалжуулагч Л.Банзрагч 2019 оны “Шилдэг эмэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч”-аар тодорлоо. “Эмэгтэйчүүдийн лиг”-т баг тамирчдаа амжилттай удирдан оролцож аваргын цом хүртсэн Л.Банзрагч хоёр дахиа оны шилдгээр нэрлэгдэж байгаа нь энэ юм.
Шилдэг эрэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч:
Үндэсний дээд лигт анх удаа түрүүлсэн “Улаанбаатар сити” клубийн ахлах дасгалжуулагч Д.Лүмбэнгарав 2019 оны “Шилдэг эрэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч”-аар шалгарлаа.
Оны “Шилдэг гоол”-ын эзэн:
Монголын 16 хүртэлх насны шигшээ багийн хамтаар Азийн АШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөхдөө Австралийн хаалганд оруулсан гоолоороо 2019 оны “Шилдэг гоол”-ын эзнээр Д.Шийрэвжамц тодров.
Оны шилдэг эмэгтэй тоглогч:
“Дэрэн” клубийн эмэгтэйчүүдийн багийн ахлагч, эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн ахлагч О.Цасан-Охин “Алтан бөмбөг” ёслолын үйл ажиллагааны “Шилдэг эмэгтэй тоглогч” шагналыг хүртэв.
Шилдэг футзалын тоглогч:
Футзалын үндэсний шигшээ баг болон “Унаганууд” клубийн ахлагч П.Алтантулга 2019 оны “Шилдэг футзалын тоглогч”-оор шалгарлаа. Футзалын тоглогчдоос шилдгийг шалгаруулах “Шилдэг футзалын тоглогч” номинаци нь энэ жилээс эхлэн “Алтан бөмбөг” ёслолын арга хэмжээнд нэмэгдсэн юм.
Оны шилдэг эрэгтэй тоглогч:
Үндэсний шигшээ баг төдийгүй “Дэрэн” клубийн хамгийн туршлагатай хагас хамгаалагчдын нэг Х.Цэнд-Аюуш 2019 оны Монголын шилдэг хөлбөмбөгчин боллоо.