Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд Бүх нийтээр мод тарих үндэсний өдрөөр (2017.05.13) Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа.
Улсын Их Хурлын дарга М.Энхболд өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ, “Мод тарьж, буян хураах энэ сайхан өдрийн мэндийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хуран цугласан Та бүхэнд өргөн дэвшүүлье. Анх 2010 онд Монгол Улсын төрийн тэргүүн “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагт зохион байгуулж байх талаар зарлиг гаргаж, энэ шийдвэр гарснаас хойш монголчууд бид бүхэн ажиллаж, амьдарч буй орчиндоо мод тарьж зүлэгжүүлэх, ногоон байгууламж бий болгож ирсэн уламжлалтай билээ.
Мод тарих ажлыг хэрхэн санаачилж, уриалга гаргаж байсан талаар судлахад анх 1872 онд АНУ-ын Небраска мужид Бүх нийтээр мод тарих уриалгыг гаргаж байсан түүхтэй юм байна. Бүх нийтээр мод тарих уриалгыг гаргасан улс орнуудыг эрэмбэлэвэл Монгол Улс 33-т бичигдсэн байна.
Мод тарина гэдэг бол байгаль дэлхийгээ баясгаж, амьдарч байгаа орчноо эрүүл сайхан агаартай, хүүхэд багачуудын тоглох таатай нөхцөлийг бүрдүүлдэг буянтай үйлс юм. Сүүлийн 7 жилийн байдлаар дүгнэж үзвэл Бүх нийтээр мод тарих аяны хүрээнд 10 сая орчим мод тарьсан статитистик үзүүлэлттэй гарсан байна. Үнэхээр 10 сая орчим мод тарьж ургуулж чадсан бол маш том амжилт. Гэхдээ 10 сая орчим мод ургасан эсэхэд бид нарийвчилсан бүртгэл хийх ёстой.
Төр, засгаас хөрөнгө зарцуулан мод тарьж, ногоон байгууламжийг бий болгохын зэрэгцээ модоо арчлах, хамгаалах тал дээр анхаарал тавьж ажиллах ёстой. Өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарьж байгаа 40 гаруй байгууллагын хамт олонд ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэлээ.
Нээлтийн ажиллагааны дараа УИХ-ын дарга, УИХ-ын гишүүн гишүүд, Нийслэлийн удирдлагууд болон УИХ-ын Тамгын газрын ажилтнууд хуваарилагдсан талбайд мод тарилаа.
Энэхүү өдөрлөгт УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Б.Саранчимэг, Б.Ундармаа, Н.Цэрэнбат, Ц.Цогзолмаа, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон албаны бусад хүмүүс, нийслэлийн төр, захиргаа, аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан албан хаагчид, иргэд оролцсон юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.