УИХ Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Монгол Улсад 2017 оны байдлаар өргөн нэвтрүүлгийн 18 телевиз, 55 суваг, 30 радио, орон нутгийн 70 телевиз, 13 суваг, 44 радио үйл ажиллагаа явуулдаг. Үүн дээр сонин, цахим сайтуудыг нэмбэл мэдээллийн хэрэгслийн тоо 3 сая хүн амд ахадсан, энэ хэрээрээ иргэдийн үнэн зөв мэдээлэл авах боломж хязгаарлагдаж байгааг хөндөх хүн цөөнгүй болсон.
Юутай ч УИХ өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх эрх зүйн үндсийг тодорхойлж, зах зээлийн шударга өрсөлдөөний таатай орчныг бүрдүүлэх, үндэсний болон нийтийн ашиг сонирхолд нийцсэн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулах хуульд өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байна.
Хуулийн төсөлд тусгагдсанаар Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ нь
1. радио, телевизийн газрын дамжуулах үйлчилгээ, олон суваг дамжуулах үйлчилгээ,
2. олон нийтийн радио, телевизийн үйлчилгээ,
3. арилжааны радио, телевизийн үйлчилгээ гэсэн төрөлтэй байхаар тусгажээ. Мөн үйл ажиллагааны онцлог зохицуулалт болох хэт төвлөрөл үүсэхээс сэргийлэх, эзэмшлийн ил тод байдлыг хангах, үндэсний нэвтрүүлэг хөгжүүлэх сангийн зохицуулалт, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид, радио, телевизийн газрын дамжуулах үйлчилгээ эрхлэгчид, хөтөлбөрт тавигдах ерөнхий шаардлага болон зар сурталчилгаа, архив, олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчид тавигдах шаардлага зэрэг зохицуулалтуудыг тусгаад байгаа юм байна.
Засгийн газар, Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газар 2009 оноос сансрын хиймэл дагуулаар дахин дамжуулалт хийж, алслагдсан айл өрхүүдэд өргөн нэвтрүүлэг хийх тендерийг жил бүр зарлан энэ төсөлд жилдээ 1.2 сая ам.доллар сая доллар зарцуулж ирсэн нь телевизийн үйлчилгээ эрхлэгчдийн анхаарал, сонирхлыг татаж, бизнесийн салбарынхан телевиз байгуулагдах сонирхол төрүүлдэг байж болох юм.
Өргөн нэвтрүүлгийн суваг олноор байгуулагдсан нь боловсон хүчний хуваагдал, чанаргүй, улстөржсөн, хэтэрхий нэг талыг барьсан нэвтрүүлэг төрөн гарах эхлэлийг тавьсан гэдэгтэй энэ салбарынхан санал нийлдэг. Нөгөө талаар хүүхэд залуучуудын хүмүүжил, боловсрол мэдлэгт нэмэр өгөх нэвтрүүлгүүд өдрийн од шиг цөөрсөн нь нийгэм замбараагүй болох, гэмт хэрэг гаарах, хотын соёл гээгдэх гэх мэт сөрөг үзэгдлүүдийг дагуулаад байгаа юм.
Юутай ч УИХ Өргөн нэвтрүүлгийн тухай хуульд үйл ажиллагаа явуулж байгаа телевизүүд дараах зүйлийг баримтлах заалтууд оржээ.
Д.ХЭРЛЭН