Тус үзэсгэлэнд урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Байды, соёлын гавьяат зүтгэлтэн шог зураач С.Цогтбаяр болон шог зураач С.Алтангэрэл, Ц.Намжилдорж, Л.Өлзийбат, Д.Гансүх, А.Бат-Эрдэнэ, А.Амарсайхан, М.Амархүү, Ч.Цэцэгдарь, С.Болд, доктор М.Моломжамц нарын 100 гаруй бүтээл дэлгэгдлээ.
Түүнчлэн жил бүрийн арванхоёрдугаар сарын 10 буюу Олон улсын хүний эрхийн өдрөөр үзэгчдэд толилуулдаг уг үзэсгэлэнгээр энэ жил хүүхэд, эмэгтэйчүүд, орон байртай байх, эрүүдэн шүүхээс ангид байх, үл ялгаварлан гадуурхагдах, хөдөлмөрлөх, амрах эрх зэрэг хүний эрхийн олон асуудлыг хөндөж байна.
Шог зургаар уран бүтээл туурвидаг уран бүтээлчид хараа, сэтгэлгээ, өндөр мэдрэмж, ур чадвараараа асуудлыг харж, Монголын нийгэмд гарч буй хүний эрхийн зөрчлийг соргогоор олж мэдэрч, богино хугацаанд тайлбаргүйгээр шоглон зурснаар үзэгч, уншигчдад нэгийг бодогдуулж, сэтгэл, зүрхэнд нь хүрч чаддагаараа онцлог юм.
Тэгвэл Монголын эмнести интернэшнлээс хүн бүр эрхээ мэдэж хариуцлагаа ухамсарладаг, бусдын эрхийг хүндэлдэг соёлыг бий болгоход хувь нэмэр оруулах зорилгоор энэхүү үзэсгэлэнг дэлгэдэг аж.