Төрийн банкны захирал Д.Баярсайханд холбогдох хэргийг шүүсэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид түүнд хоёр жилийн хугацаагаар хорих ял оноож, төрийн албанд ажил эрхлэх эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хассан шийдвэр гаргалаа.
Төрийн банкны захирал Д.Баярсайханыг 2016-2017 онд тус банкны Зээлийн ерөнхий хорооны даргаар ажиллаж байхдаа 2017 оны зургадугаар сарын 23-нд 55/01 дугаартай шийдвэр гаргаж, БНХАУ-ын “Шинжан шинфан” компанид 20 тэрбум төгрөгийн зээлийг зургаан сарын хугацаатай олгосон. Зээлийн эргэн төлөгдөх хугацаа дууссан ч төлөөгүй. Дээрх зээлийг олгохдоо Төрийн банкны захирал Д.Баярсайхан Банкны тухай болон бусад хууль зөрчсөн хэмээн буруутгагдаж, Тагнуулын байгууллагад шалгагдаж байсан юм.
Шүүхээс мөн шүүгдэгч Сун Гуан Чин-д 2 жилийн хугацаагаар хорих ял оноожээ. Түүнчлэн Төрийн банкны захирлууд болох Б.Цэндсүрэнд 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оноож, Нийтийн албан тушаал эрхлэх эрхийг 5 жилийн хугацаагаар хассан, Г.Тогтохбаатарт 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оноож, Нийтийн албан тушаал эрхлэх эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, Л.Чинбатыг 10.000.000 төгрөгөөр торгож, Нийтийн албан тушаал эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, Д.Ганбаатарыг 10.000.000 төгрөгөөр торгож, Нийтийн албан тушаал эрхлэх эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, М.Болортуяаг 120.000.000 төгрөгөөр торгож, Ц.Энхтунгалагт 1 жил 6 сарын хорих ял оноожээ.