Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал тэргүүтэй удирдах албан тушаалтнуудын холбогдсон хэрэгт Нийслэлийн прокурорын газар яллах дүгнэлт үйлдэн өнгөрсөн долоо хоногт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлжээ.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс энэ хэргийг гурван жил гаруйн хугацаанд шалгасан юм. ОБЕГ-ын дарга хошууч генерал Т.Бадрал болон ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Г.Арвинбуян, Санхүү, хангалт үйлчилгээний газрын даргаар ажиллаж байсан, хурандаа Р.Дадам агсан болон Хангалтын хэлтсийн дарга асан Л.Билэгдэмбэрэл, “Орем трейд” ХХК-ийн захирал Д.Лхагвасүрэн нарыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, бусдад давуу байдал олгон, төсвийн хөрөнгө завшсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгаж байв.
Гуч орчим хавтаст хэрэгт тэднийг 17 тендерийг хууль бусаар шалгаруулж, төрд хохирол учруулсан гэсэн баримтаас бүрдэж байгаа бөгөөд мөрдөн байцаалтын явцад найман үйлдэл нь тогтоогдсон талаар хэвлэлүүд мэдээлжээ.
Тухайлбал хошууч генерал Т.Бадрал, СХҮГ-ын дарга агсан Р.Дадам нар 2015 оны тавдугаар сард найз Д.Лхагвасүрэнгийнхээ
-“Орем трейд” ХХК-ийг автомашин нийлүүлэх тендерт шалгаруулж, тусгай тоноглолтой “Газель” маркийн 15 автомашиныг 2.1 тэрбум буюу 560 сая төгрөгийн илүү үнээр худалдан авсан,
-1988 оны хуучин нэг автомашин нийлүүлсэн, мөн онд
-Гал унтраах, аврах хэрэгслийн бүрэлдэхүүнд багтдаг майхан, гал унтраах хөөс зэрэг 400 гаруй сая төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг сонгон шалгаруулалт зарлалгүй авсан,
-ОБЕГ-ын сургалтын төсвийн 500 гаруй сая төгрөгөөс талийгаач Р.Дадамын хүргэний компанид 275 саяыг нь өгч, гал унтраах дөрвөн автомашины гарааш бариулсан.
-ОБЕГ-ын Хангалт үйлчилгээний ангийн захирагч, хурандаа С.Бямбасүрэнд 160 сая төгрөг өгсөн ч шаардлага хангаагүй засвар хийсэн гэх зэргээр төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулж, шамшигдуулсан үйлдэлүүд нотлогдсон сурагтай.
1 comment
ОБЕГ-ИЙГ ҮЕ ҮЕИЙН ДАРГА НАР ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДОЖ ХӨРӨНГӨ МӨНГӨ ЗАВШСАН ГЭДЭГ. “ОЮУНЫ УНДРАГИЙН” ОТГОНБАЯР ГЭГЧ ТЭДНИЙ НЭГ БИЗДЭЭ.