АНУ Ираны түрэмгийллийн эсрэг Ойрхи-Дорнод дахь хүчээ зузаатгаж, нэмж цэрэг илгээх болсон гэж Пентагон Баасан(2019.12.06) гаригт мэдэгджээ. Ираны нөлөө Сири, Ирак болон Ойрхи-Дорнодын бусад бүс нутагт их гэж АНУ-ын тал үзэж байгаа бөгөөд энэ нөлөөг багасгахын эдийн засгийн хориг арга хэмжээгээ сэргээгээд байна.
Үүнээс гадна АНУ өнгөрсөн намар Саудын Арабт болсон газрын тосны үйлдвэрийн дэлбэрэлт, далай тэнгисийн халдлага зэрэгт Ираныг сэжиглэн буруутгаж байгаа юм. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын гишүүн, Батлан хамгаалахын бодлогын дэд сайд Жон Рүд Персийн булан руу 14 мянган цэрэг нэмж илгээхээр төлөвлөсөн гэдгээ хэлжээ.
АНУ-ын армийн дарга нар Ойрхи-Дорнод дахь цэргийн тоогоо нэмэгдүүлэх асуудалд санал зөрөлдсөн ч Тагнуулын байгууллага нь Иранаас ирж болзошгүй аюул, заналхийлэл нэмэгдсэн хэмээн мэдэгджээ. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ойрхи-Дорнодын бүс нутаг дахь цэргийн тоог нэмэгдүүлэхийг дэмжсэн гэдгийг эх сурвалжууд онцолжээ.
Трамп өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнуудын Элчин сайд нартай уулзахдаа Ираны Засгийн газар орон даяар өрнөсөн эсэргүүцлийн жагсаалын эсрэг хүч хэрэглэн 1000 гаруй хүнийг хөнөөж, 7000 хүнийг баривчилсан хэмээн буруутгасан гэж мэдэгджээ. Өмнө нь Дональд Трамп нь бүс нутаг дахь исламын хэт даврагчдын эсрэг “дуусашгүй дайн”-аас гарч, Сири улсаас цэргээ гаргахаар болсноо мэдэгдэж байсан билээ.
Харин Ираны Ерөнхийлөгч Хассан Роухани Ням гаригт (2019.12.8) АНУ-ын эдийн засгийн хоригийг эсэргүүцэх, даван туулахад зориулан төсөв баталснаа танилцуулсан байна. Тэрбээр инфляц өсч, импортын барааны үнэ нэмэгдэж, эдийн засаг уналтад орсон нь АНУ-аас Ираны эсрэг ялангуяа газрын тосны экспортод чиглэсэн хориг тавьсан нь нөлөөлсөн гэж мэдэгджээ.
Газрын тосны олборлолт, түүний борлуулалтаас олж байгаа ашиг орлого нь Иран улсын нийт төсвийн 80 хувийг бүрдүүлдэг. Тэгвэл АНУ-ын эдийн засгийн хоригийн эсрэг Ираны засгийн газраас 4845 их наяд риал буюу ойролцоогоор 36 тэрбум ам.долларын төсөв баталжээ. Уг төсвийн задаргаанд нийгмийн салбарын ажилчдын цалинг 15 хувиар нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг багтаажээ.
Иранд ойрын хугацаанд ОХУ-аас таван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирэх тухай Ерөнхийлөгч Хассан Роухани цухас дурдсан байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн тавдугаар сард Ирантай байгуулсан цөмийн хөтөлбөрийн гэрээнээс гарч, тус улсын эсрэг эдийн засгийн хоригоо сэргээсэн юм. 2015 онд Ираны цөмийн хөтөлбөрийн гэрээг байгуулагдах үед олон улсын цөмийн зэвсгийн эсрэг тэмцэгчид, хэлэлцээрт оролцогч улс орнууд тэр дундаа тухайн үеийн АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обама цөмийн зэвсэг хураах чиглэлд гарсан түүхэн, чухал ач холбогдолтой гэрээ хэмээн үзэж байгаагаа илэрхийлж байлаа.
Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ гэрээг Ираны цөмийн хөтөлбөрийг хязгаарлах бус харин ч эсрэгээрээ терроризмыг санхүүжүүлэхэд нь Тегеранд тусласан, АНУ-д ямар ч ашиггүй маш муу гэрээ гэж үзсэн юм. Иран Улс нь 1979 оны исламын хувьсгалаар хаант засгаа түлхэн зайлуулж исламын шашны хэт үзэл бүхий улс болон хувирсан. Хувьсгалын дараагаас АНУ-тай харилцаагаа эрс муутгасан Иран улс 1979-1988 оны хооронд Ирак улстай дайтсан бөгөөд хэн хэн нь ялалт байгуулж чадалгүй дайн зогссон түүхтэй. Тухайн үед Вашингтон нь Иракийг дэмжин зэвсэг санхүүгээр тусалж байснаас АНУ ба Ираны зөрчил эхэлжээ.