БНХАУ-ын Үхань хотод зохион байгуулагдсан Дэлхийн ой тогтоолтын спортын холбооны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 12-р сарын 3-наас 12-р сарын 08-ны хооронд 33 орны 520 тамирчид 5 өдрийн турш оюуны гал гарсан өрсөлдөөнийг үзүүлж шилдгүүдээ тодрууллаа.
Монгол улс
Манай улсыг төлөөлөн 16 тамирчин багш, дасгалжуулагч нарын хамт амжилттай оролцон 5 алт, 8 мөнгө, 7 хүрэл нийт 20 медаль хүртлээ.
Олон Улсын Мастер
“Олон Улсын Мастер” цолны болзлыг Г.Энхсаруул, С.Марал, Б.Энхбаясгалан, Б.Эрмүүнболд нар хангалаа. Монгол Улсын түүхэнд бага насандаа цолны болзол хангасан нэг л тамирчин байсан бол энэ удаад Ш.Наранбат, Б.Жамбалбаярням, А.Должин нар бага насандаа энэхүү цолыг хүртлээ.
Их Мастер
Жилдээ 5 хүнд олгодог “Их Мастер” цолны болзлыг Г.Солонго хангаж Олон Улсын Мастер цолны болзлоо ахиуллаа.
Олон Улсын Их Мастер
Монгол улсад хамгийн өндөр цолны болзол хангасан 9 тамирчин байдаг бол энэ удаа У.Солонго, Б.Лхагвадорж, Т.Тэнүүн нар Олон Улсын Их Мастерын тоог нэмлээ. Ингээд тамирчид маань дэлхийн гурван зэргийн цолыг хүртэж дэлхийн шилдгүүдийн эгнээнд бүртгэгдлээ.
Багийн дүн
Багийн нийлбэр дүнгээр:
1-р байр Хойд Солонгос улс 🇰🇵(27252 оноо)
2-р байр Монгол улс 🇲🇳(23392 оноо)
3-р байр БНХАУ 🇨🇳 (22638 оноо)
Талархал
Эх орноо төлөөлөн оролцсон бүх тамирчдадаа халуун баяр хүргээд тэднийг амжилттай бэлтгэсэн багш, дасгалжуулагч нартаа, зарим тамирчдын маань зардлыг ивээн тэтгэж оюунлаг үйлийг дэмжсэн #Денк #Фарм #Монголиа_ХХК, #Жи #Эн #Бевережис, #АПУ, #Хишиг_Арвин #Индустриал, #Капитрон_банк, #Нарантуул #Трейд_ХХК зэрэг албан байгууллагуудад тамирчид болон гэр бүлийнхнийх нь өмнөөс талархсанаа илэрхийлье.
Тэмцээний онцлох
Хойд Солонгосын баг тамирчид үнэмлэхүй амжилт гарган оюуны спортод түүхийн нэгэн шинэ хуудсыг нээж чадлаа. Тус улсад оюуны спорт, ой тогтоолтын арга текник сургалтын системд нэвтэрсэн учир олон сая суралцагчдаас магадлалын онолоор шилдгүүд гарах нь дамжиггүй. Хятадын баг тамирчдын хувьд ч мөн зөвхөн энэ тэмцээнд оролцох гэж жилийн турш 60 мянга гаруй тамирчид олон сорилд орсон бөгөөд шалгарсан 300 тамирчинтай өрсөлдсөн юм.
Хятадын баг, Монголын багийн хувьд 1 хожил 1 хожигдолтой байсан бол энэ жил манай улс тус улсын багийг ялан аварга гэдгээ нотоллоо. Харин энэ удаад Хойд Солонгосын багт аваргаа алдсанаар нэг нэг болон тэнцэж байна. Ирэх жил Энэтхэг улсад болох 29 дэх удаагийн Дэлхийн аваргаар уулзацгаая.
Медалийн буухиа
Ингээд бид Америк, Англи, Герман, Турк, Хятад, Хонг Конг, Сингапур, Австри, Индонези, Япон, Солонгос, Швед, Энэтхэг зэрэг 20 гаруй улсад болсон цээж бодолт, хурдан уншлага, ой тогтоолтын олон улсын 58 дахь тэмцээндээ амжилттай оролцон медалийнхаа тоог 1077 болгож дэлхийн олон дээд амжилтыг тогтмол шинэчлэн амжилтын буухиагаа үргэлжлүүлсээр байна.
Тамирчид маань 14 хоногийн хугацаанд хоёр том холбооны тэмцээнд оролцон нийт 73 медаль хүртэн 3 дэлхийн рекорд шинэчлэн, шинээр 11 тамирчин олон улсын цолны болзол хангасан том амжилттайгаар 2019 оныг үдэж байна. Та нар минь эх орноо олон улсад амжилттай сурталчилж хүний оюуны потенциал ямар агуу гэдгийг харуулсан шилдгүүд шүү.
Монголын Оюун Ухааны Академийн захирал, Олон улсын шүүгч Х.Хатанбаатар
Зургийн дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү
2019.12.08