ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийтай анх удаа уулзах гэж байна.Тэд энэ уулзалтыг зуучилсан Франц, Германы удирдагчидтай Парисын Элисейн ордонд уулзах юм. Өнгөрсөн тавдугаар сард Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн Зеленскийн сонгуулийн гол амлалтын нэг нь дорнод Украинд өрнөж буй салан тусгаарлах дайныг зогсоож, энх тайван байдал тогтоох явдал юм.
2014 оноос хойш өрнөж буй уг дайнд 13 мянга гаруй хүн амь үрэгдэж, хэдэн сая хүн орон гэрээсээ дүрвэжээ. Орос, Украины удирдагчид хамгийн сүүлд 2016 онд уулзаж байжээ. Урлагийн тайзнаас улс төрч болсон Зеленский ийм хэмжээний яриа хэлэлцээ хийхэд туршлага дутаж магадгүй ч өрнөдийн зарим удирдагчид Орос улсад тал засах болсон цаг үед тэдний уулзалт болж байна.
Тухайлбал АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай харилцаагаа сайжруулах эрмэлзлэлтэйбайгаа. Мөн Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон саяхнаас Орос улсыг NATO-гийн гол дайсан биш хэмээн ярьж эхлээд байгаа.
Өнгөрсөн долоо хоногт Зеленский гүйлтийн зам дээр дасгал хийж байхдаа ард түмэндээ хандаж мэдэгдэл хийсэн юм. Уг видео бичлэгт тэрээр “Путин, Зеленскийн хооронд ярих юм юу байгаа юм бэ гэж хүмүүс ярьдаг. Гэвч яриа хэлэлцээ хийхгүйгээр асуудал шийдэгдэхгүй. Уулзаж ярилцахгүй бол яг л гүйлтийн зам дээр эрч хүчээ шавхаад ганц алхам урагшлахгүй байгаатай адил” гэж мэдэгджээ.
Өчигдөр буюу Ням гарагт тус улсын нийслэл Киев хотод хэдэн мянган иргэн жагсаж, Парисын уулзалтын үеэр буулт хийлгүй, эх орныхоо эрх ашгийг хамгаалахыг Ерөнхийлөгчөөсөө шаарджээ. Шинэ Ерөнхийлөгчийнхөө улс төрийн туршлагад эргэлзсэн украинчууд түүнийг Путинд “дөнгүүлж” магадгүй гэсэн айдастай байгаа юм.
Улс төрийн шинжээчид ч энэ уулзалтаас ихийг хүлээхгүй байгаа бөгөөд хамгийн сайн үр дүнд хүрлээ гэхэд талуудын дайсагнал өмнөхөөсөө арай намжина гэж төсөөлж байгаа ажээ.
Эх сурвалж: The Guardian