Нийгмийн даатгалын сангаас хөнгөлөлт үзүүлдэг эмийн нэр, төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээг шинэчилсэн жагсаалтыг эм ханган нийлүүлэгч байгууллагууд эсэргүүцсэн юм.
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийнхний өнгөрсөн 7-р сард баталсан 12 дугаар тогтоолд 170 гаруй нэр, төрлийн эмийн үнийн дээд хязгаарыг бууруулж, энэ сарын 02-ноос мөрдөх байв.
Гэсэн хэдий ч талууд эл асуудлаар зөвлөлдсөний эцэст эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангуудаас ирүүлсэн зарим саналыг судалж, шийдвэрлэх шаардлагатай хэмээн үзжээ. Энэ дагуу Даатгалын сангаас хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулах, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хувь хэмжээг тооцох аргачлал боловсруулах ажлын хэсгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас байгуулжээ.
Дээрх жагсаалтыг эцэслэн баталтал иргэд хуучин журмын дагуу эмээ хөнгөлөлттэй үнээр авах авч байх гэнэ.