Бүжгийн спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ХБНГУ-ын Бремен хотод энэ сарын 7-нд болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээний аваргаар зохион байгуулагч хотын аваргаар Grün Gold Club хамтлаг тодорч, дэлхийн аварга хэмээх алдрыг хоёр дахиа хүртжээ. Тус хамтлагч монгол бүжигчин Н.Онондарь бүжиглэдэг гэдгийг олон нийт төдийлөн мэдэхгүй байх. Н.Онондарь тус хамтлагт бүжиглэж эхэлснээсээ хойш хоёр дахь удаагаа дэлхийн аварга болж буй нь энэ юм. Дэлхийн хошой аварга болсон анхны монгол бүжигчний талаар тодруулан өгүүлье.
Тэрбээр 23 настай. ХБНГУ-ын Бремен хотноо амьдардаг, Спортын сэтгэл зүйч мэргэжлээр суралцдаг. Н.Онондарийг анх 5 настай байхад ээж нь Хүүхдийн ордны бүжгийн дугуйланд хөтлөн оруулж байжээ. Тэр үеэс хойш өдийг хүртэл бүжгийн спортоо орхилгүй хичээллэж байна. Түүний багш, дасгалжуулагч нь Монголын бүжгийн спортын холбооны Ерөнхийлөгч, Олон улсын бүжгийн спортын дасгалжуулагч А.Мөнгөнхуяг ажилладаг.
Түүний бүжиглэдэг хамтлаг нь Бремен хотноо харьяалагддаг Glün-Gold-Club Bremen хамтлагийн бүжгийн холбооны хамтлаг юм. Өмнө нь Герман улсын аваргаар 13 удаа, Дэлхийн аваргаар 9 удаа шалгарч байсан бол энэ жил 10 дахь нь болсон байна.
Н.Онондарийн амжилтуудаас дурдвал:
Монголд байхдаа улсын тэмцээн уралдаануудад оролцож улсын аварга болж шагналт байр зэргийг авч байсан.
– бүжгийн спортын Монгол Улсын 6 удаагийн аварга
– Монгол Улсын аварга шалгаруулах “Сарны цом” тэмцээний 5 удаагийн аварга
– Монголын Хүүхдийн ордны алт, мөнгө, хүрэл медальт
– Олон Улсын хэмжээний мастер
2008 онд БНСУ-ын улсын Chun Cheon хотод зохион байгуулагдсан Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний өсвөр насны ангилалд 3-р байр
2009 онд Якутын Сахад болсон ОУ-ын хүүхдийн их наадамд хагас финал
2009 оны НТV-ээс зохион байгуулсан “Би бүжиглэж чадна” үндэсний шоуны ялагч
2010 онд Москва хотод болсон бүжгийн спортын өсвөр 2-р насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон
2012 онд Стар хамтлагтайгаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 10, 7-р байруудад
2012 онд Спорт бүжгийн холбооны шилдэг тамирчин
2015 онд Монголын Фитнесс Бодибилдингийн аварга шалгаруулах Улсын аварга
2015 онуудад Golden Gym болон George’s cup зэрэг нэрэмжит Фитнесс Бодибилдингийн тэмцээнүүдэд удаа дарааллан 1-р байр эзлэсэн.
2018 онд 8-р сард ХБНГУ-ын Grün Gold Club хамтлагтайгаа Европын аварга
2018 оны 11-р сард ХБНГУ-ын аварга
2018 оны 12-р сард Дэлхийн аварга
2019 оны 11 сард ХБНГУ-ын Улсын аварга, 2019.12.07-ны өдөр ХБНГУ-ын Бремен хотноо болсон Дэлхийн аваргын тэмцээнд 1-р байр эзэлж Дэлхийн аваргын хошой алтан медальтай боллоо.
Н. Онондарь: Grün Gold Club-д бүжиглэх нь миний мөрөөдөл байсан. Миний хувьд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ”Стар“ хамтлагт бүжиглэдэг байсан. Өмнө нь буюу 7 жилийн өмнө Бремений дэлхийн аваргад Монголынхоо “Стар“ хамтлагаараа оролцож байлаа. Тэр үед одоогийн хамтлагаа анх удаа харж, биширч байсан. Тэр цагаас хойш энэ хамтлагт орж бүжиглэх мөрөөдөлтэй болсон.
Энэхүү Монгол охины мөрөөдөл тэр хамтлагт бүжиглээд зогсохгүй, Дэлхийн аваргын хошой аварга болсон Монголчууд бидний бахархах зүйл яахын аргагүй мөн.
2018 онд Дэлхийн аварга болоход нь “Grun Gold Club”-ийн дасгалжуулагч Robert Albanese дэлхийн аварга бүжигчин Монгол охин Н.Онондарийн талаар ярихдаа: Онондарь хамтлагийнхантайгаа маш сайн ойлголцдог.Тэр бол зүгээр ч нэг бүжигчин биш үнэхээр гайхалтай бүжигчин, мөн их хүнлэг бүсгүй. Энэ Монгол охин бидэнд дандаа баяр баясал авчирдаг. Өөрийн мөрөөдлийн төлөө тууштай зүтгэдэг Монгол охиндоо дасгалжуулагчийн хувьд илүү сайн сайхныг хүсье гэж Германы аварга болж дэлхийн аваргын болзол хангах үеэрээ Radio bremen телевизийн спорт сувагт өгсөн ярилцлагандаа дурджээ.