Том багагүй өвлийн өвгөнөөс бэлэг авдаг сар эхлээд эхний долоо хоног нь өнгөрч байна. Худалдаа үйлчилгээ эрхлэгч иргэд, аж ахуй нэгжүүд олон нийтэд хүүхдийн бэлэгээ санал болгоод эхэлчихсэн байгаа. Гэхдээ тэд хүүхдэд ямар бэлэг санал болгож байгаа нь сонирхол татаж байна. Өнгөрсөн жилүүдэд мэргэжлийн байгууллагаас хүүхдийн бэлэг боохдоо хугацаа нь дууссан, хугацаа нь дуусах гэж байгаа бүтээгдэхүүн сонгон хийх зөрчил нэлээд илэрч байгаа талаар мэдээллэж, иргэдийг хүүхдийнхээ бэлгийг сонгохдоо хариуцлагатай хандахыг зөвлөж байсан билээ.
Тэгвэл энэ зөрчил энэ жил ч мөн л давтагдах хандлага байгаа талаар холбогдох албаныхан анхааруулсаар байна. Хүүхдийн бэлэгний хугацаанд анхаарал хандуулахаас гадна бэлэгэнд боолттой байгаа бүтээгдэхүүнүүд нь хүүхдийн эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөллийг ч мөн бодолцох ёстой болов уу?
Тиймээс хүүхдийн бэлэгийг сонгохдоо юуг анхаарах талаар Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газраас гаргасан зөвлөмжийг хүргэе.
Хүүхдийн бэлэгэнд орох хүнснийг худалдан авахдаа юу анхаарах вэ?
- Хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн газар, гарал үүсэл нь тодорхой эсэх;
- Хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын хугацаа дуусаагүй эсэх;
- Хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдал алдагдсан эсэх;
- Хүнснийг шинжилгээ, баталгаажуулалтанд хамруулсан эсэх;
- Хүүхдэд хэрэглэхийг хориглосон хүнсний бүтээгдэхүүн бэлэгэнд байгаа эсэх;
ХЭРЭВ:
– Өнгө – /өнгө өөрчлөгдсөн, хөгцөрсөн, харласан, сааралтсан бол/;
– Хэмжээ – /шошгонд заасан хэмжээнээс багассан, томорсон/
– Хэлбэр – /бяцарсан, бутарсан, үйрсэн/
– Шингэн, хагас шингэн бүтээгдэхүүний төлөв өөрчлөгдсөн /тунадас, булингар үүссэн эсэх/
– Сав баглаа боодол бүрэн бүтэн байдал – /цоорсон, урагдсан, хагарсан, ан цав гарсан/
– Үнэр – /эвгүй үнэр байвал/
– Амт – /исгэлэн, гашуун, шорвог, хэт чихэрлэг болсон/
– Лаазалсан бүтээгдэхүүний сав нь зэвэрсэн, хонхойж цохигдсон, хий дүүрч таг нь төмбийсэн, дарахад хонхолзож, бамбаж үүссэн, задалж үзэхэд дээр нь хийн бөмбөлөг үүссэн байвал;
– Хүнсний бүтээгдэхүүнийг шошгонд тусгасан нөхцөлд хадгалж, худалдаалаагүй бол;
– Хүнсний бүтээгдэхүүний шошгонд агуулагдах мэдээлэл шаардлага хангаагүй, буруу шошголсон бол;
– Хүнсийг зориулалт, зааврын дагуу хадгалаагүй, бэлтгээгүй, боловсруулаагүй, хуурамч бүтээгдэхүүн байвал;
– Ариун цэврийн шаардлага хангаагүй, бохир орчинд явуулж буй худалдаа, үйлчилгээнээс хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байвал
Та битгий худалдан авалт хийгээрэй. Та дээрх санамжуудыг мөрдөж чадсанаараа хоол хүнсээр дамжих аливаа өвчин эмгэгээс өөрийгөө болон гэр бүлээ сэргийлэх чухал алхам болно.
Хүүхдийн бэлэгэнд дараах хүнсний бүтээгдэхүүнийг битгий сонгоорой?
Ø Байгалийн бус өтгөрүүлсэн сироп ашиглаж үйлдвэрлэсэн бүх төрлийн шүүс
Ø Амталсан төмс, хатаасан эрдэнэ шиш, хийжүүлсэн ундаа, түргэн хоол, амт оруулагч ихтэй хүнснээс татгалзах
Ø Чихэр, мөхөөлдөс, шоколад зэрэг энгийн нүүрс ус ихтэй хүнсний бүтээгдэхүүн
Ø Нийлэг буюу химийн аргаар гарган авсан кремтэй бүтээгдэхүүн
Ø Бүх төрлийн цуужуулсан, утсан, лаазалсан, бүтээгдэхүүн (давсалсан самар, цуу, загас, хиам, махан бүтээгдэхүүн, зайдас)
Ø Бүх төрлийн хийжүүлсэн ундаа
Ø Шөлний тос, өөхөн тос түүгээр хийсэн бүтээгдэхүүн (гэрийн хайрсан боорцог, мушгиа боов)
Ø Хайлуулсан элсэн чихэрт дүрж амталсан гурилан бүтээгдэхүүн
Та дээрх зөвлөмжийг амьдралдаа хэрэгжүүлж, үр хүүхдээ эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвлөж байна. Иргэн таны хүүхэд эрүүл, аюулгүй хүнс хэрэглэх нь гагцхүү танаас шалтгаална.
Тэгвэл юу бэлэглэвэл тохиромжтой вэ?
Хүүхдийг нас, онцлогт нь тохирсон тоглоомоор тоглуулна гэдэг тухайн хүүхдийг хөгжүүлэхэд хамгийн чухал нөлөөтэй. Тиймээс хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохируулан ямар тоглоом сонгож тоглуулах талаар ССҮТ-ийн сэтгэл судлаач Б.Ганзулын зөвлөгөөг хүргэж байна.
ХҮҮХДИЙНХЭЭ НАСАНД ТААРСАН ТОГЛООМЫГ ХЭРХЭН СОНГОХ ВЭ?
Хүүхэд бүр өөр орчин нөхцөлд амьдардаг, өөр өөрийн сонирхолтой. Тиймээс насаар нь ангилан ямар тоглоомоор тогловол тохиромжтойг хүргэе.
1-3 нас нь хүүхдийн хувьд орчин тойрон аав, ээж хамгийн гол нь өөртэйгөө танилцаж байдаг. Тиймээс ганцаараа тоглох, өөрийгөө танин мэдэх боломжийг олгох хэрэгтэй. Зарим эцэг эхчүүд энэ үед нь хэтэрхий их анхаарал тавьж, хөдөлгөөн бүрийг нь хянаж хориод байдаг. Ингэснээр өөрийгөө бие даасан тусдаа хүн гэдгээ ойлгох гэж хичээж байсан хүүхдийн биеэ даах суурь чадвар сул хөгждөг. Тэгэхээр энэ үед аль болох аюулгүй орчныг бүрдүүлээд хүүхдээ тааваар нь орхих хэрэгтэй. Нөгөө талаараа бас орчин нөхцөл, аав ээжтэйгээ танилцаж байгаа үе учраас гэр бүлээрээ тоглох үедээ ДУУРАЙМАЛ ТОГЛООМуудыг сонгож тоглоорой. Жишээлбэл, эмчийн багаж, гал тогооны хэрэгслүүд гэх мэт.
4-6 нас нь хүүхдийн танин мэдэхүйн хувьд чухал үе. Энэ үед хүүхэд эд зүйлсийг ангилж, ялгаж сурахаас гадна өөрийгөө танин мэдэж эхэлдэг. Өөрийгөө юунд дуртай, ямар зүйлд илүү авьяастай байгаагаа мэдэрч эхэлнэ. Тэгэхээр ЗАДЛАХ, ХОЛБОХ, ЭВЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ ТОГЛООМуудаар тоглуулвал тохиромжтой.
Ингээд хүүхдээ ажиглах хэрэгтэй. Хүүхэд тань зурах сонирхолтой байна уу эсвэл дуулах дуртай, хөгжмийн сонсгол сайтай байна уу гэдгийг нь ажиглаад тухайн ЧАДВАР, СОНИРХЛЫГ НЬ ХӨГЖҮҮЛЭХ ТОГЛООМ авч өгөөрэй.
7-оос дээш насны хүүхдийн хувьд өөрийн сонирхлоо тодорхойлчихсон байдаг. Тэгэхээр өөрөөр нь сонгуулаад, өөрсдөө чиглэл өгөөд аюулгүй тоглоом сонгож өгөх нь зүйтэй. Мэдээж хэрэг хүүхэд хүссэн тоглоомоо авбал хамгийн их баярлана.
Харин өсвөр насны хүүхдийн хувьд төсөөлөх, ургуулан бодох чадвар хамгийн дээд цэгтээ хүрдэг учраас бүтээлж чадварыг нь хөгжүүлэх, өөрөөр нь хийлгэдэг, зохион бүтээлгэдэг зүйлс санал болгох хэрэгтэй.
Хүүхэд тоглож байхдаа бие физиологи, сэтгэл зүй, танин мэдэхүйн гээд маш олон чадвараа хөгжүүлж байдаг. Тиймээс тэр болгоныг хөгжүүлэх тоглоомуудаар тоглох хэрэгтэй аж. Жишээлбэл, зөвхөн гар утсаар тоглоод, зурагт үзээд байгаа хүүхдийн танин мэдэхүй л хөгжөөд байхаас биш бие физиологийн чадвар хөгжихгүй.
Огт тоглодоггүй эсвэл нэг тоглоомоороо байнга тоглодог хүүхдийн төсөөлөх, асуудал шийдвэрлэх, ямар нэгэн нөхцөл байдалд хариу үйлдэл үзүүлэх чадвар нь бусад хүүхэдтэй харьцуулахад сул хөгждөг. Мөн аав ээжтэйгээ тоглож өссөн хүүхдэд гэр бүлийнхэнтэйгээ нээлттэй ойр байх дадал суудаг байна.
Тоглоомыг хэрхэн сонгох вэ?
Хамгийн түрүүнд хүүхдэд аюулгүй байх ёстой. Мөн удаан хэрэглэгддэг. Мэдээж хэрэг материал нь хүүхдэд хоргүй, өнгө үзэмж, хэлбэр хэмжээ нь хүүхдийн насны онцлогт тохирсон, тав тухтай байх ёстой. Өндөр үнэтэй бүхэн сайн тоглоом биш. Хамгийн гол нь таны хүүхдэд тааламжтай, нас сэтгэхүйн онцлогт нь тохирсон байх ёстойг анхаараарай.
Эцэг эхчүүдийн хувьд хүүхэд насандаа юуг авч чадаагүй, юу дутагдаж байсан тэр зүйлийг хүүхэддээ өгөхийг хүсдэг. Гэтэл цаг үе өөр болсон. Чихэр, жимс, амттанг гараад л дэлгүүрээс худалдаад авах боломжтой. Тэгэхээр хүүхэддээ хэрэгтэй, өөрийг нь хөгжүүлэх бэлэгийг бэлдээрэй.
Н.БАТАА