Цайны мөнгө гэдэг аялал жуулчлалын салбарт олон асуудал дагуулдаг сэдвийн нэг. Цайны мөнгө үлдээх үү, яах вэ? Хэрвээ үлдээх бол хэдийг өгөх вэ? Зарим улсад цайны мөнгө өгөхөд гомддог нь юутай холбоотой вэ? Гэх мэтчилэн асуулт хөвөрнө.
Холын аялалд гарах гэж байгаа тань энэ асуудлаас болж стресс нэмэхгүйн тулд энэхүү нийтлэлийг хүргэж байна. Хамгийн гол нь хооронд нь хольж, андуурч болохгүй шүү.
1. Австрали, Шинэ Зеланд.
Энд цайны мөнгө тооцоондоо орсон байдаг. Гэхдээ нийт төлбөрийн 10 хүртэл хувьтай тэнцэх мөнгө үлдээж болно.
2. Аргентин, Куба, Мексик, Чили.
Цайны мөнгө заавал үлдээх ёстой. Стандартын дагуу тооцооны 10 хувь байна.
3. Их Британи.
Кафед ихэвчлэн хэдэн фунт юм уу хариулт мөнгөө талархал болгон үлдээдэг. Гэхдээ заавал тэгэх албагүй. Ресторануудад зарцуулсан мөнгөнийхөө 10 орчим хувьтай тэнцэх хэмжээний мөнгө үлдээх дүрэмтэй.
4. Унгар.
Цайны мөнгө заавал үлдээх албагүй. Гэхдээ та үйлчлэгчид маш ихээр талархаж байвал тооцооныхоо 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө өгөөрэй. Гэхдээ ширээн дээр үлдээх биш, гарт нь өгөх ёстой шүү.
5. Герман, Испани, Португал.
Захиалгын өртгийн тэдэн хувьд нь цайны мөнгө өгнө гэсэн ерөнхий тогтсон зүйл байдаггүй. Гурван арга байдгийн нэг нь хариултаа үлдээх, чекэнд зоосон мөнгө орхих, эсвэл захиалгынхаа 5-10 хувийг үлдээх явдал юм.
6. Грек.
Үнэтэй ресторануудад зарцуулсан мөнгөнийхөө 10-15 хувийг үлдээх журамтай. Энгийн кафед бол өөр өөр. Цайны мөнгө тооцоондоо орсон байхаас гадна нийт өртгийн 10 хувь, эсвэл өгөх албагүй гээд янз бүр байна.
7. Дани, Исланд, Норвеги, Финлянд, Швед.
Скандинавт цайны мөнгө өгөх хэвшсэн ойлголт байхгүй. Гэхдээ өгвөл хэн ч гомдохгүй. Үнэхээр хүсч байвал үнийн дүнгийн 10-аас илүү хувийг үлдээгээрэй.
8. Египет, Иордан, Катар, Марокко, АНЭУ, Оман, Тунис, ӨАБНУ.
Арабын зарим орнуудад цайны мөнгө олгох нь эртний уламжлалтай. Хэрвээ та хэдийг үлдээхээ мэдэхгүй байвал 10-15 хувийг үлдээнэ шүү. Үйлчлэгч нь авахаас татгалзаж байвал битгий гайхаарай. Ямар ч байсан тэд авах болно.
9. Итали.
Италид чекэнд нь ширээнд үйлчилсний мөнгө заавал оруулдаг. Ихэвчлэн хүний 1-2 евро байдаг. Гэхдээ энэ нь цайны мөнгө биш. Цайны мөнгө нь үнийн дүнгийн 10 орчим хувь байна.
10. Сингапур.
Сингапурт өмнө нь цайны мөнгө үлдээж болдоггүй байлаа. Харин одоо энэ байдал бага зэрэг суларсан ч нутгийн иргэд хуучны адил үйлчлэгчид мөнгө үлдээдэггүй. Гадаадын иргэд ихэнхдээ 10 хувиар хязгаарладаг.
11. АНУ.
АНУ-д цайны мөнгө заавал өгөх шаардлагатай. Ресторануудад энэ нь захиалгын дүнгийн 15-30 хувь байна. Тооцоонд нь орсон байсан ч 5-10 хувиас дээш мөнгө өгөх ёстой.
12. Тайланд.
Нутгийн иргэд нь цайны мөнгө өгдөггүй ч гадаадын иргэд энд тэндгүй өгнө. Ингэхдээ 20 бат буюу $0,66 орчим бага мөнгө л өгнө. Хамгийн гол нь үйлчлэгчийн гарт нь өгөх ёстой.
- Турк.
Энгийн кафед бол 10–15% , ресторануудад 20% хамгийн үнэтэй байх жишээтэй. Стамбулд цайны мөнгө өгдөггүй.
14. Франц.
Францад үйлчилгээний хөлс тооцоондоо шууд орсон байх бөгөөд нийт захиалгын 10–15% байна. Татварын хуулиар ийм шаардлага тавьдаг. Тиймээс цайны мөнгө тусад нь үлдээх шаардлагагүй.
15. Чех.
Чехэд нийт өртгийн 10 орчим хувийг үлдээдэг. Дээр нь Прагт мөнгийг ширээн дээр нь үлдээх биш, үйлчлэгчид тооцоонд өгөх ёстой үнийн дүнгээ хэлдэг уламжлал бий.
16. Япон, Хятад, Өмнөд Солонгос.
Цайны мөнгө ямар ч тохиолдолд бүү үлдээгээрэй. Энд үүнийг доромжлолд тооцдог.
Эх сурвалж: lifter.com