Хар тамхи, мансууруулах бодисын хяналт, хууль, эрх зүйн орчны талаарх ерөнхий хяналтын сонсгол өчигдөр болсон. Энэ үеэр СЭМҮТ-өөс энэ төрлийн эмгэгтэй урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал гэдгийг дурьдсан юм.
Дэлхийн 101 орны туршлагаас үзэхэд, мансуурах, донтох эмгэгээс урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал гэж үздэг байна. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв /СЭМҮТ/-д таван жилийн өмнө 20 гаруй донтогч хяналтад ордог байсан бол сүүлийн хоёр жилд 50-60 иргэн хэвтэн эмчлүүлэх болсон талаар тус төвийн ерөнхий захирал Л.Насанцэнгэл хэллээ. Тэрбээр, “Хөгжингүй орнуудад ч эмчилгээний үр дүн сайн биш. Ихэнхдээ донтогчид орлуулах бодисоос буцаад сэтгэцэд нөлөөт бодист донтох магадлал их байдаг. Хамгийн гол анхаарах зүйл нь гол донтолтод өртөөд байгаа 19-35 насны залууст урьдчилан сэргийлэх ажил хийх шаардлагатай. Дэлхий нийтээрээ энэ төрлийн бодисыг өөр дээрээ туршиж хэрэглэхгүй байхыг чухалчилж байна. Гэтэл манай өсвөр үеийн хүүхдүүд сонирхон хэрэглээд дуртай үедээ больчихож болно гэж ойлгодог. Гэвч мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис нь архинаас 60 дахин илүү донтуулах үйлчилгээтэй. Ингэснээр хүний бие сэтгэл тухайн бодисоо үгүйлэх, улмаар түүндээ бүх амьдралаа зориулдаг. Цаашлаад бүх бие эрхтэнд нь сөргөөр нөлөөлдөг гэдгийг ойлгох хэрэгтэй” хэмээв.
Улсын хэмжээнд анхан шатны шүүхээр 2016-2018 онд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах, хэрэглэх орон байраар хангах, завших, мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг хууль бусаар тариалах 293 гэмт хэрэгт 461 хүн холбогдож ял шийтгүүлж, эрүүгийн хариуцлага хүлээсэн байна. Энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлэгчдийн дийлэнх буюу 64,9 хувь нь 18-29 насны, 56.8 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй, сургуульгүй иргэд байгааг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргасан судалгаанд дурдсан байна.