Хумсаа мэрэх, залгих нь харахад муухай ч гэм хоргүй зүйл мэт. Гэтэл үнэн хэрэгтээ энэ нь үхлийн аюултай зуршил гэнэ. Дэлхийн хүн амын 60% нь тодорхой хэмжээгээр ийм зуршилтай байдаг.
Мексик бүсгүй Монсеррат Хименес 20 жил хумсаа мэржээ. “Бага байхаасаа л, бүр нэгдүгээр ангиасаа л хумсаа мэрдэг байснаа санаж байна. Шалгалтандаа сандарч, өлсөхдөө хумсаа мэрдэг байсан юм. Тэр цагаас хойш энэ зуршлаасаа салж чадахгүй, заримдаа хумсаа өвтгөдөг байсан” хэмээн тэрбээр ярьжээ.
Анагаах ухаанд энэ зуршлыг онихофагия гэж нэрлэдэг. Эмч нарын ярьснаар энэ зуршил нь ноцтой үр дагавартай гэнэ. Хуруу бол нян үржих таатай орчин. “Шүлсэнд ч мөн хүний бусад хэсгээс илүү их нян агуулдаг. Тиймээс ховор ч гэсэн хумсаа мэрэх зуршил нь үхэлд хүргэж болзошгүй. Жишээлбэл, цусанд халдвар орж, сепсис болох аюултай. Олон боловсруулах замд өвчин үүсгэж, мэс засал ч хийх магадлалтай” гэж Мексикийн эрүүл мэндийн хүрээлэнгийн мэргэжилтэн Карлос Абоитес ярьжээ.
Үүнээс гадна хумсаа мэрэх нь шүдний пааланг сулруулдаг. Хумсгүй болсон хуруунууд удаан хугацааны явцад хэлбэрээ алдана.
“Миний хуруунууд өндөг хэсгээрээ хатуу, өргөн, доогуураа нарийхан болсон. Хумснууд маань маш сул, байнга л цус гарч байдаг. Би гараа хүмүүст харуулахаас ичдэг” хэмээн Монсеррат ярьжээ.
“Хумсаа мэрснээс болоод хуруу, гараа тайруулж байсан тохиолдол ч байдаг” хэмээн Абоитес мөн ярьсан байна.
Монсеррат энэ зуршлаасаа салах гэж лак түрхэж, ээж аав нь багад нь халуун чинжүү хүртэл түрхэж үзжээ. Гэвч энэ нь цаагуураа сэтгэл зүйтэй холбоотой асуудал болохоор сэтгэлзүйчээс л зөвлөгөө авах хэрэгтэй байдаг гэнэ.
“Би хумсгүй үлдэхгүй гэж найдаж байна. Халуун чинжүү миний стрессийг тайлж, сэтгэл санааг хэвийн болгож чадахгүй нь ойлгомжтой. Тиймээс би сэтгэлзүйчид хандахаас өөр аргагүй” хэмээн Монсеррат өгүүлсэн байна.