Эрх мэдлийн төлөөх эрх ашиг аюултай. Үүнд шунан дурлагчид Улс орны үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, нийгэмд нөлөөлөх нөлөөллийг үл харгалзан зөвхөн өөрсдийн эрх ашигт нийцэх мэдээллийг ашиглан нийгмийн сэтгэл зүйг удирдах оролдлого хийдэг.
Гэвч “Нийгмийн сэтгэл зүйг удирдах” технологийг ашиглах мэдлэг дульмаг, туршлага дутуугаас тэдний “эрх ашгаа хамгаалж” буй үйлдэл хол явахгүй үнэнд гүйцэгддэг ч уршиг нь нийгэмдээ хадгалагдаад үлддэг. Эрх ашгийн төлөө нийгэм рүү чиглүүлэн шидсэн “яс”-руу харахаас биш үйл явдлын учир шалтгаан, үр дагавар, агуулгыг олж хардаггүй. Харах боломж ч өгөхгүйгээр үйл явдал өрнөөд дуусах бөгөөд хоёр гурван хоногийн дараа л нийгмийн санах ойноос “арчигддаг”…
Энэхүү оршилыг бичиг болсон учир нь өнгөрсөн жил эрх мэдлийн төлөөх улстөрийн тэмцлийн үеэр УИХ-ын даргын биед халдсан, халдаагүй гэх мэдээлэл шуугиан тарьж байсан ч “мартагдсан”.
Гэтэл хуульч Л.Гүнбилэгийн яриа тухайн үед өрнөсөн үйл явдлыг эргэн харахад хүргэсэн юм. Төрийн ордноос гарч, гудамжид жагссан бүлэг гишүүд тухайн үед УИХ-ын дарга байсан М.Энхболдтой уулзах үед болсон үйл явдлын талаар түүний Улстөрийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан хуульч Л.Гүнбилэг ТВ ярилцлагдаа дурдсан нь өнөөдөр нийгэмд нэлээн хүчтэй яригдаж эхэллээ.
Тэрбээр “…Таван гишүүнтэй хамт Улсын харцага Г.Ганхуяг тэргүүтэй хэсэг хүмүүс орсон. Гэтэл тэр хүмүүс нь УИХ-ын ёслол хүндэтгэлийн өргөөнд шууд хутга гаргаад, түүн рүү дайрсан. Энэ бол Монголын түүхэнд байгаагүй үйлдэл. Дарга руу хүн ухасхийхэд комиссарууд нь шууд бүчиж аваад, дараад уначихдаг юм билээ. Тэгээд дарагдаад өнгөрсөн. Тэр хүнийг аваад үлдчихвэл гадаах жагсаал шууд долоодугаар сарын 01-ний өдрийнх шиг үймээн гарахаар байсан тул гаргасан” хэмээн ярьсан байгаа.
Түүний мэдээллийн дагуу Eguur.mn сайт мэдээллийг нягтлан үзэж дараах мэдээллийг түгээсэн байна. Тус сайтад мэдээллэж буйгаар бол “Эх сурвалжуудын мэдээллийг нягталж үзэхэд, УИХ-ын дарга М.Энхболд руу хутга барьж дайрсан гэх хүн нь Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ-ын тэргүүн Д.Даш аж.
Иргэн Д.Даш энэ асуудлаар бидэнтэй шууд холбогдохыг хүссэнгүй. Тэрбээр эх сурвалжаар дамжуулан, “Би тухайн үед Т.Аюурсайхан гишүүний хажууд суусан. Уулзалтын үеэр бидний тавьсан шаардлагаас тэс өөр зүйлийг М.Энхболд яриад байсан тул Л.Оюун-Эрдэнэ гишүүн “Ер нь үүнийг өргөөд гаргая” гээд босоход нь хамт дагаад бостол хамгаалагчид нь гүйгээд ирсэн.
Тухайн үед надад ямар ч мэс байгаагүй. Мэс гаргавал шууд буудаад унагах эрх комиссаруудад нь байгаа. Үнэхээр мэс гаргасан бол 20 жилийн ял үүрэх хуулийн зохицуулалттай. Би М.Энхболд руу хутга барьж дайраагүй. Хуульч Л.Гүнбилэгийг худал ярьсанд гайхаж байна” гэсэн хариулт өглөө” гэж мэдээллэв. УИХ-ын дарга руу мэс барьж дайрсан гэх асуудлыг Д.Даш үгүйсгэж байгаа ч сэтгүүлчтэй биечлэн уулзахаас цэрэвсэн байгаа юм.
Тухайн үед юу болсон бэ гэдгийг олон эх сурвалжаас харъя
УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах асуудал өрнөж, жагсаал цуглаандаа тулж, түүний эсрэг тэмцэгчид биечлэн уулзах үед биед нь халдсан асуудал гарсан тухай мэдээлэл түгсэн ч үйл явдал нийгмийн шуугианд нам дарагдан магтагдсан юм.
Тухайн үед энэхүү үйл явдлын талаар УИХ-ын тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон “УИХ-ын даргын өрөөнд юу болсон талаар нэмэлт хачиргүй мэдээлэл өгье. УИХ-ын даргад шаардлага өгсөн. Албан ёсны хариуг нь бэлдсэн байсан. Гэхдээ тэд энэ тайлбарыг хүлээж аваагүй. Гурван хуудас материал байгаа. Гишүүдийн хэлсэн 30 хуудас материал биш. Үүнийг хэвлэл мэдээллээр өгнө гэж бодож байна. Тэнд гишүүдийн тавьсан шаардлагын хариулт байсан. Гэхдээ уулзахаар ирсэн гишүүд, жагсагчдын төлөөлөгч УИХ-ын даргын үгийг сонгоогүй.
Энэ үеэр УИХ-ын гишүүдтэй орж ирсэн хүмүүс УИХ дарга руу дайрсан. Төрийн тусгай хамгаалалтын албаныхан саатуулсан. Энэ бол Төрийн тусгай хамгаалалтанд байдаг албан тушаалтны биед халдсан, Төрийн ордны дотоод журмыг зөрчсөн хэрэг” гэсэн мэдээллийг өгч байсан байна.
Үйл явдал болж өрнөсөн оны эхний сард Твиттерийн жиргээчид, ФБ-ийн постчид хуудсандаа УИХ-ын даргын өрөөнд юу болсон талаар мэдээлж байсан бөгөөд тухайлбал, Цангис @ariunkhishigG гэх жиргээч “Ордон дотор явж байсан М. Энхболдыг гарч жагсагчидтай уулз гээд заамдаад чирсэн юм биш үү Оюун-Эрдэнэ гишүүн. Хүнийг арай ингэж дээрэлхэж болохгүй ээ. УИХ-н дарга, ҮАБЗ-н гишүүн хүнийг шүү дээ. Үйлын үрээ эдлэнэ дээ өөрөө нэгэн цагт” хэмээн жиргэсэн байгааг энд жишээ болгон орууллаа.
Мөн УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байх үед буюу 2019 оны нэгдүгээр сарын 11-нд хуралдсан Байнгын хорооны хуралдаан дээр Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө зүй бус үйлдэлд гэмшин уучлалт гуйж буй дүрс ч түүх болон хадгалагдаад үлджээ.
Тэрбээр “иргэдээ хүндэтгэж, суулт хийж байгаа хүмүүсийг ойлгож, М.Энхболд дарга хуулийн хүрээнд гарц гаргаж байгааг ойлголоо. Таньд талархаж байгаагаа илэрхийлье. Жагсаал болсон өдөр амаргүй нөхцөл байдал үүссэн. Нэг үгээр хэлбэл, яаж очиж тараах вэ гэдэг асуудлаа мэдэхгүй, тухайн үедээ шоконд орсон зүйл байсан. Таны өрөөнд ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл миний зүгээс гаргасан бол УИХ-ын дарга М.Энхболдоос уучлалт гуйж байна. Уучлалтыг минь хүлээж авна уу гэж хүсэж байна” хэмээн дахин дахин уучлал хүссэн байгаа.
Мөн УИХ-ын дарга асан М.Энхболд тухайн үедээ чуулганы хуралдааны үед индэр дэрэээсээ бужигнаан болсон гэдгийг ийнхүү хэлсэн байдаг. Тэрбээр “Би Батзандан гишүүнд хандаж нэг үг хэлмээр байгаа юм. Хамгийн чанга дуугардаг. Хамгийн том чүдэнз зурдаг. Яг асуудал үүсэхээр зугтаадаг хүн шүү. ЖДҮ-ийн асуудлыг яръя гэсэн картаа сугалаад алга болсон. Яриад дуусахад орж ирээд картаа хийгээд суусан.
Манай өрөөнд болсон үйл явдлыг харах юм бол Тэнд байсан 7-8 хүн бүгдээрээ л байж байгаад наануу цаана уу, наана цаана юм болсон тэгэхэд цэнхэр ноосон малгайгаа өмсөөд Батзандан хамгийн түрүүнд зугтаагаад гарч байгаа юм. Ийм л хүн шүү дээ” хэмээн ярьснаараа тухайн үед ямар нэгэн үйл явдал болсон гэдгийг хэлсэн байдаг.
Мөн хэдхэн цагийн өмнө М.Энхболд ФБ хуудастаа пост хийж, уулзалтанд очсон хүмүүсийн дотроос хэн нэгэн нь биед нь халдах оролдлого хийсэн гэдгийг дахин нотлон хэлжээ. Тэрбээр “Надруу ухасхийсэн хүний гарт хутга байгаагүй. Харин хамгаалалтын албаныхан хутга хураасан гэж надад танилцуулж байсан. Би тэр үед ордны доторх болон гаднах нөхцөл байдлыг сайн мэдэрч байсан тул энэ асуудлыг дэвэргэх шаардлагагүй гэж хэлсэн. Тухайн үед нь иргэд бухимдалтай байна, аргагүй бизээ амьдрал сайнгүй байна шүүдээ гэж би хэлж байсан” хэмээжээ.
Дээрх эх сурвалжүүдийн мэдээллээс харахад М.Энхболдын УИХ-ын дарга байхад биед нь халдах оролдлого хийсэн нь “үнэн”. Гэвч эзэн холбогдогч нь хэн байв гэдэг асуулт хариултаа олоогүй л байна. Д.Дашийн байр суурь, “Цангис”-ийн жиргээ, М.Энхболдын мэдэгдэлүүд Л.Оюун-Эрдэнэ рүү чиглээд эхлэв үү гэсэн асуултыг төрүүлж байна. Түүний М.Энхболдоос дахин дахин гуйсан уучлалт эзэн холбогдогчоо заагаад байх шиг.
Н.ЧИНЗОРИГ