Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулж, оны шилдэг яруу найрагчийг тодруулдаг “Болор цом” наадмын бүртгэл өнөөдрөөс эхлээд байна.
Энэ жил 37 дахь удаагаа зохиогдох гэж буй эл наадамд “уралдах” шүлгийг энэ сарын 27 хүртэл МЗЭ-ийн 206 тоот өрөөнд хүлээн авч буй төдийгүй бүртгэлийн хураамж дөрвөн мянган төгрөг бөгөөд э-майл болон факсаар хүлээж авахгүй хэмээн зохион байгуулагчид анхааруулав.
Наадамд оролцох найрагчид зөвхөн энэ онд бичсэн хоёр шүлгээ бүртгүүлэх юм байна.
“Болор цом-36” наадам Дорноговь аймагт болж, яруу найрагч Б.Баттулга уг цомын эзэн болсон бол энэ удаа Багануур дүүрэгт ирэх оны 01-р сарын 05-нд болохоор тогтсон бол өмнөх өдөр нь уран үгсийн чуулган уламжлал ёсоор болох юм.
Ирэх онд Багануур дүүргийн түүхт 40 жилийн ой тохиож буй тул Монголын утга зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн төрсөн Гүн Галуутайд зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.
Энэ удаа тус наадмын ерөнхий зохион байгуулагчаар Багануур дүүргийн ЗДТГ, хамтран зохион байгуулагчаар МҮОНРТ, МЗЭ ажиллаж буй юм.