Белгорад мужийн Яковлево тосгоны орон сууцны барилгад дэлбэрэлт болжээ. Дэлбэрэлт ахуйн хийнээс үүссэн бөгөөд орон сууцны барилга нурж, оршин суугчид орон гэргүй болсон байна. Ослын газар Онцгой байдлын штба ажиллаж байгаа бөгөөд мужийн захиргаа орон гэргүй болсон оршин суугчдыг жилийн туршид хүүхдийн хуаранд байрлуулна гэж мэдээлжээ.
Мужийн захирагч Евгений Савченко өөрийн Инстаграм хуудсандаа гэр ахуйн хийн дэлбэрэлтэд өртсөн байшингийн оршин суугчдад шаардлагатай бүх тусламжийг үзүүлэх болно. Иргэдийг зусланд байрлуулах шийдвэр гаргаад байгаа ч зарим хүмүүс хамаатан садангийндаа байрлахаар болсон хэмээн мэдэгджээ.
ТАСС агентлагийн мэдээлснээр Оросын Дотоод хэргийн яамны бүс нутгийн алба Белгород мужийн цагдаагийн байгууллага нурсан байшингийн оршин суугчдын бичиг баримтыг сэргээх ажилд тусалж байгаа талаар мэдэгдээд, тэдэнд бичиг баримтаа сэргээх шаардлага тулгарсан бол аль болох хурдан гүйцэтгэж өгөх болно гэдгийг дамжуулжээ. Ослын улмаас таван хүн гэмтэж эмнэлгийн тусламж авсан байна. Онцгой байдлын яамны хэвлэлийн алба ТАСС агентлагт дөрвөн давхар байшингийн нэг давхарт хийн дэлбэрэлт болсон тухай албан ёсны мэдээг өгчээ.
Эх сурвалж: ТАСС