АНУ-ын Конгресс Ерөнхийлөгч Д.Трампад итгэл үл үзүүлэх асуудлаар санал хураалт явуулах эсэхийг шийдэхээр нээлттэй сонсгол явуулж байгаа. Тус улсад Трамп 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахын тулд Украинд дарамт үзүүлсэн эсэхийг тогтоох шалгалтын ажиллагаа явагдаж байгаа юм.
Үүнтэй холбоотойгоор Д.Трампыг ээлжит сонсголд дуудаад байгаа бөгөөд ээлжит сонсголын өмнө уг асуудалтай холбоотой илтгэлийг Бүгд найрамдах намаас гаргажээ.
Илтгэлд “Ерөнхийлөгч Д.Трамп нь Украинтай харилцах харилцаандаа тус улсад өргөн тархсан авлигын асуудлыг гол болгож, ухамсартай хандаж байснаас бус нэг хүнийг онцолж, нэг хэргийг шалгахыг онцгойлон тулгасан зүйл байхгүй” гэсэн байна.
Д.Трамп Украинтай үүсгэсэн харилцаанаасаа ямар нэг ашиг хонжоо харсан гэдэг хардлагыг бүрэн үгүйсгэж байгаагаа БНН энэ илтгэлээрээ илэрхийлжээ. Ингэснээр Д.Трампын байр суурь бэхжиж байгаа бөгөөд өнөөдөр болох сонсголд нөхцөл байдал орвонгоороо өөрчлөгдчихгүй л бол ББН Ерөнхийлөгчийг авч үлдэнэ гэдгээ зарлалаа гэж АНУ-ын хэвлэлүүд бичиж эхэлжээ.