Энэтхэгийн Хайдарабад хотод 27 настай эмэгтэйг бүлэглэн хүчирхийлж хөнөөсөн хэрэг энэ улс даяар эсэргүүцэл дэгдэхэд хүргэжээ. Эсэргүүцэгчид гэмт хэрэгтнүүдэд цаазын ял оноох, Энэтхэгт эмэгтэйчүүдэд илүү аюулгүй байдал бий болгохыг шаардаж байгаа юм.
Энэ хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан юм. Хайдарабад хотод малын эмчээр ажилладаг бүсгүйг алга болсон талаар гэрийнхэн нь өнгөрсөн лхагва гарагт буюу 11 дүгээр сарын 27-нд цагдаад дуудлага өгчээ.
Гэмт хэргийн талаар юу ил болов?
11 дүгээр сарын 27-ны 18:00 цагийн орчимд бүсгүй гэрээсээ эмчтэйгээ уулзахаар скутерээ унаад гарчээ. Удалгүй тэрбээр эгч рүүгээ утасдаж, скутерийн дугуй нь хагарчихлаа, хэн нэгэн цоолсон байна гэж ярьжээ. Түүнчлэн тэрбээр ачааны машины нэг жолоочоос тусламж хүссэн гэжээ.
Гэвч үүнээс хойш утас нь унтарч, залгаад авах боломжгүй болжээ. Пүрэв гарагийн өглөө түүний цогцсыг гүүрний доороос олсон байна. Цагдаа нарын мэдээллээс үзэхэд бүсгүйг бүлэглэн хүчирхийлээд дараа нь хөнөөсөн нь тогтоогдсон аж. Энэ аллагыг үйлдсэн хүмүүс бүсгүйн скутерийн дугуйг цоолж, дараа нь туслах санал гаргасан гэж цагдаа нар үзэж байна. Энэ хэрэгт дөрвөн эрэгтэйг сэжиглэн саатуулжээ.
Энэтхэгийн хуулиар хүчирхийлэлд өртсөн хүмүүсийг нас барсан байсан ч нэрийг нь зарладаггүй. Гэвч баасан гарагт бүсгүйн нэр Энэтхэгт “Твиттер”-т хамгийн их дурдагдсан нэр болсон аж. Олон нийтийн сүлжээ хэрэглэгчид ийм хэргийг үнэн зөв, шударга шүүхийг шаардаж байна. Түүнчлэн олон нийтийн сүлжээгээр амиа алдсан бүсгүйн зураг хүртэл гарчээ.
Хайдарабадад үйлдэгдсэн энэ гэмт хэрэгт нийгэм даяар жигшил зэвүүцэл төрүүлжээ. Эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцогчид, түүнчлэн улстөрчид буруутай этгээдүүдийг цаазлахыг шаардаж байна. Саатуулагдсан хоёр этгээдийн ээж нар нь ч хөвгүүд нь үнэхээр гэмт хэрэг үйлдсэн нь үнэн болж хатуу шийтгэл ногдуулах ёстой гэжээ. “Тэдэнд тохирох ялыг нь өг. Би ч бас охинтой хүн” гэж нэг саатуулагдсан этгээдийн ээж нь мэдэгджээ.
Бямба гарагийн орой Хайдарабад тойргийн цагдаагийн газрын ойролцоо хэдэн мянган хүн цугларч, гэмт хэрэгтнүүдийг цаазлахад шаардсан байна. Мөн амралтын өдрүүдэд Энэтхэг даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөжээ.
Улстөрчид ч энэ гэмт хэрэгтэй холбогдуулан үзэл бодлоо илэрхийлж байгаа юм. Энэтхэгийн парламентын гишүүн, алдарт жүжигчин Жайя Баччан л гэхэд Хайдарабад хотын бүсгүйн аминд хүрсэн, хүчирхийлсэн хүмүүст зохих ялыг нь өгөх ёстой гэжээ.
Энэтхэгт эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх тэмцэл байнга шахам болдог ч эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгддэг гэмт хэргийн тоо буурахгүй байна. Дели хотод 2012 онд чиглэлийн автобусанд оюутан охиныг бүлэглэн хүчирхийлсэн хэргээс хойш хүчингийн хэргийн шийтгэлийг нэмэгдүүлэх хууль баталж, эмэгтэйчүүдийн эсрэг гэмт хэргийн түвшин буурна гэж найдаж байлаа. Гэвч тэгсэнгүй. Энэтхэгт эмэгтэйчүүд рүү халдах гэмт хэрэг буурахгүй байна.
Тус улсын Засгийн газраас гаргасан мэдээллээс үзэхэд Энэтхэгт 2017 онд 33 600 гаруй эмэгтэй хүчирхийлэлд өртжээ. Энэ нь тус улсад өдөр бүр 90 гаруй эмэгтэй хүчингийн золиос болдог гэсэн үг юм.
Эх сурвалж: bbc.com
1 comment
заваан нийгэм