Авлигатай тэмцэх бодлого, зорилтыг хэрэгжүүлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх, шинэ залуу үеийн хандлагыг эерэгээр өөрчлөх, иргэдийн оролцоо, идэвх санаачилгыг дэмжих зорилгоор “Авлигын эсрэг 2019” чуулганыг /2019.11.30/ Авлигатай тэмцэх газраас төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгууллаа.
Тус чуулганаар цаг шаарддаг, олон шат дамжлагатай, дараалал үүсгэн чирэгдүүлдэг, хүнд сурталтай төрийн үйлчилгээг дэвшилтэт шинэ технологи ашиглан хийх дижитал шилжилт, зөв засаглал, шуурхай үйлчилгээ, олон нийтийн хяналт болон цахим шийдлүүдийг танилцуулахаар төрийн болон төрийн бус байгууллагууд оролцож санал, туршлага солилцов.
Энэхүү арга хэмжээнд нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас иргэд, аж ахуй, нэгжүүд төрийн үйлчилгээг цахимаар авах нөхцөлийг бүрдүүлсэн тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn, нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн www.eservice.ulaanbaatar.mn, цэцэрлэгийн цахим бүртгэлийн www.tsetserleg.ulaanbaatar.mn, дотоод удирдлагын www.erp.ulaanbaatar.mn зэрэг системүүдээ сурталчлан үйлчилгээг газар дээр нь үзүүллээ.
Иргэд нийслэлээс үзүүлж буй төрийн үйлчилгээг түргэн шуурхай цахимаар авах нөхцөл бүрдэж, үйлчилгээнийхээ шийдвэрлэлтийн явцад хяналт тавих, үйлчилгээний хоног хугацаа, шат дамжлага багасах, онлайнаар төлбөр, хураамжаа төлж байгаа нь авлигын эсрэг хэрэгжүүлж буй чухал шийдлүүдийн нэг болсон байна гэдгийг чуулганд оролцогчид онцолж байлаа.
Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар