2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр иргэн З төрсөн хүүгээ “хичээлдээ явсангүй, чамайг ална” гэж утсаар ярьж сүрдүүлсний улмаас 10 настай Н гэрийнхээ буюу орон сууцны 5 давхарын цонхоор үсэрч амиа хорлосон хэрэг Чингэлтэй дүүргийн нутагт гарсан. Энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд тус дүүргийн прокурорын газраас хяналт тавьж, иргэн З-г “Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулан ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Хэргийг шалгахад иргэн З өмнө нь удаа дараа согтууруулах ундаа хэрэглэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, 2017 оны 12 дугаар сард шүүхээс Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийтгүүлж байсан ба тухайн үед түүний хүү Н-д аюулын зэргийн үнэлгээ хийхэд “ааваасаа айдаг, зоддог, хамт байх дургүй” гэж байсан нөхцөл байдал тогтоогдсон байна.
Чингэлтэй дүүргийн прокурорын газар