25 настай эрэгтэй А нь Баян-Өлгий аймгийн Даяннуурын мөсөн дээгүүр том оврын ачааны автомашинтай зорчиж явахад нуурын мөс цөмөрч, амиа алджээ.
Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Даян багийн “Даяннуур” гэдэг газарт тус сумын иргэн А-гийн жолоодож явсан “Стивр” загварын том оврын ачааны автомашин “Даяннуур”-ын мөсөн дээгүүр зорчиж явахад мөс цөмөрч автомашин живсэн тухай дуудлагыг өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн 05:30 цагт тус аймгийн Онцгой байдлын газар хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн 8 алба хаагч, Хилийн 0165 дугаар ангийн 4 алба хаагч, тус багийн Засаг даргаар ахлуулсан 50 иргэн, нийт 62 хүн, 6 автомашин, 2 мотоциклтой 16:30 цагт очиж, тус нуурын баруун урд эргээс 400 м-т, 3 метрийн гүнд 3 удаа шумбалт хийж, мөн өдрийн 17:30 цагт түүний цогцсыг нуураас гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Хэдийгээр Монгол орны ихэнх гол мөрөнд тогтвортой мөсөн бүрхүүл тогтож, мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна. Иймд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна.
Эх сурвалж: ОБЕГ