Монгол Улсын 2020 оны төсвийн төсөлд ирэх онд ипотекийн зээлд 60 тэрбум төгрөг тусгаад байгаа. Энэ нь 2019 оны ипотекийн зээлд олгосон хөрөнгөөс 55 тэрбумаар буурсан гэсэн үг юм. 2019 онд Монголбанкнаас 220.0 тэрбум төгрөг, улсын төсвөөс 115.0 тэрбум төгрөг, арилжааны банкуудын өөрийн эх үүсвэрээс 115.0 тэрбум төгрөг гээд нийт 450.0 тэрбум төгрөгийг зарцуулж байгаа ипотекийн зээлд олгох санхүүгийн эх үүсвэр яагаад буурсан бэ гэдгийг Сангийн яам тайлбарлахдаа:
-Улсын төсвөөс олгож байгаа эх үүсвэрийн хүүг бууруулах замаар арилжааны банкны эх үүсвэрийг татан оролцуулна. Түүнчлэн ипотекийн зээлийн багцыг үнэт цаасжуулахтай холбоотой гарах зардлыг бууруулах чиглэлээр холбогдох хууль журамд шаардлагатай өөрчлөлт оруулж, одоогийн орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн схемийг боловсронгуй болгоно гэсэн байгаа гэсэн бол
Монголбанк: УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2018 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн 35 дугаар тогтоолоор банканд олгодог ипотекийн зээлийн эх үүсвэрийн хүүг 1% хүртэл бууруулж, банкуудын өөрийн эх үүсвэрийг хөтөлбөрийн санхүүжилтэд татан оролцуулах чиглэлийг Монголбанк, Засгийн газарт өгсөн.
Үүний дагуу Засгийн газрын 2018 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрийн 369 дүгээр тогтоолоор “Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн журам” батлагдан, Засгийн газрын эх үүсвэрийг Монголбанк дамжуулан зээлдүүлэх “Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийн гэрээ”-г 2019 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр байгуулсан.
Түүнчлэн Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн сайдын 2018 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн 285/А-334 дүгээр тушаалаар Монголбанкийг “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоо бүрдүүлэх хөтөлбөр”-өөс гаргах төлөвлөгөө батлагдсанаар Монголбанкны хөтөлбөр санхүүжүүлэх ажиллагаа 2019 оны эцсээр тасалбар болсон гэсэн билээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: 2013-2017 оны үед Монголбанк энэ хөтөлбөрийн зээлийг дангаараа санхүүжүүлж байсан. Энэ нь ихээхэн үр дүнтэй байсан. Шинээр олон залуу гэр бүл орон сууцтай болсон. Гэтэл одоо ипотекийн санхүүжилт нь тодорхойгүй болчихжээ.
БХБ-ын сайд “Ирээдүй өв’’ сангаас санхүүжүүлэх тухай мэдэгдэж, үүнийг Сангийн сайд нь үгүйсгэж байна. Монголбанк нь Олон улсын валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд эндээс гарахаа мэдэгдээд л тодорхойгүй болчихоод байна л даа. Энэ оны дөрөвдүгээр сараас эхлээд Засгийн газрын энэ эх үүсвэрийн хүүг дөрвөн хувиас нэг хувь болгож бууруулсан.
Ингэснээр банкуудын өөрийн эх үүсвэрээс Засгийн газрын санхүүжилтийн хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр найман хувийн ипотекийн зээл олгох энэ журам үйлчилж эхэлсэн. Энэ хүрээнд 430 орчим тэрбум төгрөг гарч ирж байгаа. Бидний хийсэн ажил зорилтот бүлэгтээ хүрсэн үү гэдэг эргэлзээтэй байна гэж ярилцлага өгчээ.