Өнгөрсөн онд хятад мотоцикл Монголоос 50 тэрбум төгрөг, 116 хүний амь авчээ

Дэл сүүлэндээ цан савсуулж, хаа нэг үүрсэн уяа эргэцэх эрийн хийморь болсон морьдыг хятад мотоцикл орлоод олон жил өнгөрчээ. Аль ч аймгийн ямар ч сумд очсон төмөр хүлэг унасан аархуу залуус дайрах шахам омголон давхина.

Архи дарс ууж, найр наадам хэссэн ч, адуу малаа хайж олон өдөр явсан ч, сургууль цэцэрлэгт хүүхдээ хүргэхээр сумын төв бараадсан ч мотоциклоор л давхицгаана. Хятад мотоцикл нүүдэлчин соёл, малчин ахуйн үгүйсгэж болохгүй нэг хэсэг болтлоо нутагшжээ.

Мэдээж хэрэг мотоцикл малчдын ахуй амьдралд тус нэмэр болж байгааг үгүйсгэх аргагүй. Шатахуун бага иддэг, хол газрыг богино хугацаанд гуулдаг, мөн үнэ хямд, сэлбэг элбэгтэй гэх мэтчилэн түүнийг сонгох шалтгаан олон.

Манай оронд хамгийн эрэлттэй байдаг импортын бараанд хятад мотоцикл зүй ёсоор орно. Гэвч Монголын хилээр хятад мотоцикл орж ирснээсээ хойш малчин түмнийг хоморголон устгах, хөнөөлт зэвсэг болов. Үүнийг жил бүр гардаг осол гэмтлээс харж болно.

Тодруулбал, 2018 онд мотоциклоор үйлдэгдсэн зам тээврийн 552 осол бүртгэгдсэн. Үүнээс 265 хүн гэмтэл, бэртэл авч, 116 хүний эрдэнэт амь эрсэджээ. Энэ нь зөвхөн Тээврийн цагдаагийн албанд бүртгэгдсэн зөрчил, гэмт хэрэг юм. Бодит амьдрал дээр энэ тоо хол зөрүүтэй. Учир нь малчид амь насанд тулах бэртэл, гэмтэл аваагүй л бол осол чинээ боддоггүй.

Мотоциклын янданд хөлөө түлэх, унахдаа нүүр, биеэ урах, шарх сорвитой болох, rap хөлөө хугалах зэргийг юман чинээ тоолгүй хэнэггүйтэж, эмнэлгийн тусламж авчихаад юу ч болоогүй мэт яваад өгдөг. Энэ дүр төрхийг аль ч сумын эмнэлгээс харж болно.

Цөөхөн монголчуудыг нэг нэгээр нь үхэлд дуудаж буй хятад мотоциклын ослын шалтгааныг техникийн чанарын стандарт, жолоочийн хариуцлагагүй байдал гэсэн хоёр хэсэгт хувааж болно. Өөрөөр хэлбэл, тухайн бүс нутагт баримталж буй техникийн аюулгүй байдал, үйлдвэрлэлийн стандартаар хятад мотоцикл угсрагддаг.

Энэ нь хад чулуу, элс шавар ихтэй Монголын хөдөөд зориулсан биш, засмал замтай, тариачдад зориулсан гэсэн үг юм. Яагаад Монголын хөрсөнд буухгүй, манай орны газар нутагт зориулагдаагүй мотоцикл хэдэн мянгаараа улсын хилээр орж ирэх болов.

Энэ нь манай ард түмний хэрэгцээ ч Монголын төр засаг зах хязгааргүй энэ их эрэлт, нийлүүлэлтэд ямар нэгэн хяналт тавьдаггүйн улмаас чанаргүй мотоцикл өдөр өдрөөр биш цаг, минутаар монголчуудын гар дээр ирсээр байна.

МОНГОЛЫН ХИЛЭЭР “УРСАХ” ХЯТАД МОТОЦИКЛЫН ЦУВАА

Манай улсад мотоцикл импортлох тухай заасан квот буюу тоо хэмжээ гэж байдаггүй.

Мотоциклын импортын талаар ГЕГ-ын Статистикийн хэлтсийн дарга Б.Цэрэнгээс тодруулахад “Аймгийн төв болон Улаанбаатар хотод мотоциклд зориулсан тусгай зам байхгүй. Тийм учраас хөдөө орон нутагт, тэр дундаа малчид худалдан авах нь элбэг. Ихэвчлэн малчид авдаг. 2017 онд 40 орчим тэрбум төгрөгийн үнэтэй 32 мянган мотоцикл импортоор орж ирсэн.

Үүнээс 31,300 нь БНХАУ-аас оруулж ирсэн, хятад үйлдвэрийн мотоцикл байна. Үлдсэн мотоциклын хувьд Японоос 270, Энэтхэгээс 45, Америкаас 37, Солонгосоос 38 гэх мэтчилэн маш бага тоогоор орж ирсэн байгаа.

Харин 2018 онд 50 гаруй тэрбум төгрөгийн үнэтэй 38 мянга орчим мотоцикл импортолсон байна. Үүний 37 мянга нь БНХАУ-аас орж ирсэн. Энэ оны эхний арван сарын байдлаар 23 мянга орчим мотоцикл импортоор орж ирлээ.

Он дуустал импортлогддог болохоор тоо нь хэд болж хувирахыг урьдчилан хэлэх боломжгүй. Ер нь жил болгон өсөх хандлагатай байна. Хуучин мотоцикл огт орж ирдэггүй, дандаа шинэ байдаг. Импортоор орж ирэхэд бүрэн бүтэн байдал, техникийн аюулгүй байдал, стандартын шаардлагыг хангасан байдал,бичиг баримтын бүрдүүлэлт зэргийг Мэргэжлийн хяналтын байгууллага үзэж харж байгаа байх.

Манай зүгээс бараа материалын гаалийн бүрдүүлэлтийг хийнэ, тус барааг үнэлнэ, татвар тооцно. Татвар тооцоход ямар нэгэн хязгаарлалт байдаггүй.

Тодруулбал, нэг мотоциклоор авч үзэхэд Гаалийн импортын албан татвар таван хувь, нэмэгдсэн өртгийн албан татвар арван таван хувийг төлөх ёстой” хэмээв.

Үйлдвэрлэгч орноос ямар техникийн үзүүлэлттэй мотоцикл орж ирж байгаа нь тодорхой бус мөн импортын мотоциклд тавих шаардлага, мөрдөх стандартын жишиг гэж манай улсад нэгээхэн ч байхгүй аж. Үүнийг хуульчилж иргэдийнхээ амь нас, эрүүл аюулгүй байдалд анхаарах шаардлагатай гэдгийг албаныхан онцолж байлаа.

ХЯТАДААС МОТОЦИКЛ ИМПОРТЛОХОД СТАНДАРТ БАЙХГҮЙ

2014 оны эхний дөрвөн сарын байдлаар мотоциклын 88 осол бүртгэгдэж байжээ. Ослын улмаас 34 хүн нас барсан бөгөөд ослын шалтгааныг чанаргүй хятад мотоциклоос болсон гэж тухайн үед албаныхан үзсэн байна. Замын цагдаагийн газраас хятад мотоциклыг оруулж ирэхгүй байх албан бичгийг удаа дараа ГЕГ, МХЕГ зэрэг байгууллагуудад хүргүүлсэн гэнэ. Гэвч дээрх хоёр байгууллага нь импортыг зогсоох, хуулийн хүрээнд оруулж буй бараа бүтээгдэхүүнд хориг тавих ямар ч эрх мэдэлгүй аж.

Мэргэжлийн хяналтын байгууллагын буруугаас чанаргүй хятад мотоцикл орж ирдэг үү, хятад мотоциклын чанар, стандартыг манай улсад хэрхэн шалгаж нэвтрүүлдэг вэ гээд асуулт олон. Энэ талаар МХЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч Т.Балжинням “Монгол Улсын хилээр орж ирж буй мотоциклд тавих хяналт гэж байхгүй.

Үүнд хяналт тавихын тулд Монгол Улсын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр хэрэгжиж буй хууль, журам, тогтоол, шийдвэр, тушаал гэх мэтчилэн албан ёсны эрх зүйн баримт байх шаардлагатай. Энэ баримтгүйгээр ямар нэгэн хяналт хийж, хэн нэгнээс дур мэдэн, ямар нэгэн зүйл шаардах эрх байхгүй. Манай байгууллага Хятад улсаас орж ирж байгаа мотоцикл техникийн гэрчилгээтэй байх ёстой гэсэн шаардлагын дагуу шалгадаг.

Үүнээс өөр барьж шалгах, дагаж мөрдүүлэх ямар нэгэн стандарт байхгүй.

Сүүлийн зургаан жилд хятад мотоциклтой холбоотой осол маш ихээр гарсан. Тийм учраас мэргэжлийн хяналтын байгууллага болон бусад эрх бүхий байгууллагад энэ төрлийн хууль эрх зүйн орчинг бүрдүүлж өгөх хэрэгтэй. Хятад мотоциклоос үүдэлтэй осол ихээр гарах болсонтой холбогдуулж манай байгууллага цөөнгүй судалгаа хийсэн. Судалгааны үр дүнд эрх зүйн орчныг зохицуулах шаардлагатайг тогтоож ажилласан.

Тухайлбал, “Тухайн бараа бүтээгдэхүүнийг худалдаалж байгаа хувь хүн, албан байгууллага хоёр ширхэг хамгаалалтын буюу аюулгүйн дуулгыг дагалдуулж өгөх” гэх мэтчилэн заавар, зөвлөгөө өгч ажиллаж байна. Манай улсад хүнсний бүтээгдэхүүнтэй холбогдох хууль тогтоолууд байдаг ч хүнсний бус бүтээгдэхүүнд зориулагдсан хуулийн зохицуулалт байхгүй.

Тийм учраас хүнсний бус бүтээгдэхүүний аюулгүй байдал, хяналтын тухай хуулийн төслийг боловсруулж байна. Өөрөөр хэлбэл, олон улсын байгууллагатай хамтарсан судалгаа хоёр жилийн өмнөөс хийгдэж эхэлсэн. Энэ хууль батлагдаад ирэх юм бол мотоцикл импортлоход тавигдах нэгдсэн шаардлага, мөрдөх стандарт бий болгож болно.

МОНГОЛЧЛОХ УХААН БУЮУ ХЭНЭГГҮЙ ЗАН

Аливаа техник хэрэгсэлд зориулалтын эд ангиар засвар, үйлчилгээ хийх ёстой. Гэвч монголчууд үүнийг үл ойшоодог. Нутагтаа аль гарын дүйтэй, юмны эвийг олчихдог нэгэн дээрээ очиж чанарын шаардлага хангахгүй зүйлсээр орлуулдаг. Түүнийгээ монголчлох ухаан хэмээн нэрийдэж, нэгнээ хөөрөгдөнө.

Бүхнийг чадагч нь болсон болоогүй хадаас, төмөр, эрэг шургаар гагнаж, угсарч сэлбэнэ. “За ингээд болчихлоо, хэсэгтээ давгүй биз” хэмээн тоомжиргүй хэлнэ. Түүнд итгэж явах нэгэн үр хүүхэд, гэр бүлээ харамсалтайгаар алдаж насан туршдаа харамсан үлдэх тохиолдол ч гарна.

Үүнийг л монголчлох ухаан буюу нэгэндээ хэт найдсан хэнэггүй зан гээд байгаа юм. Мөн мотоциклоор үйлдэгдсэн зам тээврийн ослын цөөнгүй хувь нь согтуугаар жолоодож явсантай холбогддог. Бидний цөөхөн монголчууд архи уусан үедээ мотоцикл жолооддог, хамгаалалтын дуулга хэрэглэдэггүй, мөн хурд хэтрүүлэн давхидаг, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй тээврийн хэрэгсэл ашигладаг зэрэг хэнэггүй нь дэндсэн зангаасаа болж төмөр хүлэгтээ тонгоруулж, бурхны орныг зорьсоор байна.

Монгол Улсын хэмжээнд энэ сарын 7-ны байдлаар нийт 46,729 мотоцикл байгаагаас нийслэлд 5,702, орон нутагт 41,027 бүртгэгдсэн байна.

Энэ нь Авто тээврийн үндэсний төвд бүртгүүлж, улсын дугаар авч, татвар төлж буй хэсэг. Үүний цаана бүртгэгдээгүй хэчнээн мянган мотоцикл байгааг тоолсон, тэдний эзнээ үхэлд хүргэх шалтгааныг тооцоолсон хэн ч байхгүй. Монгол Улсын Засгийн газар, УИХ-аас импортын хятад мотоциклд хяналт тавьж, хууль эрх зүйн орчныг бүрдүүлж өгөхгүй мотоциклын ослоос үүдсэн монгол хүний амь үнэгүйдэх нь.

Эрдэнэт монгол хүний амь насыг аварч, дараах зүйлсийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Нэгдүгээрт, осол гэмтэл гарахад нөлөөлж буй дискэн обуд, техникийн үзүүлэлт зэрэгт мэргэжлийн судалгаа хийх ажлыг зохион байгуулах.

Ингэснээр манай улсын газар нутаг, нүүдэлчин ахуйд нийцсэн стандартыг баталж, шаардлага хангасан мотоциклыг импортолъё. Хоёрдугаарт, импортын мотоцикл хэрэглэж байгаа ард иргэддээ зориулж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд хөдөөгийн замд мотоциклын хурдны дээд хэмжээг тогтоож, аюулгүй ажиллагаа болон хэрэглээнд зориулсан стандартыг баталж мөрдүүлье.

7 thoughts on “Өнгөрсөн онд хятад мотоцикл Монголоос 50 тэрбум төгрөг, 116 хүний амь авчээ

  1. Нэргүй 2019-11-28 10:51 at 10:51

    buruug ehleed uuruusuu haih heregtei.

    Хариулах
  2. зочин 2019-11-28 11:05 at 11:05

    хилээр оруулахаа больчооч ээ

    Хариулах
  3. ббб 2019-11-28 11:18 at 11:18

    Төр засаг юм бодмоор юм даа зүгээр л оруулхаа больчих тэгээд л болоо яасан ч тэнэг үхэр үүд үү

    Хариулах
  4. Нэргүй 2019-11-28 11:21 at 11:21

    мотоциклийн буруу юм уу моьоциклийг хүн барьж явах уу мотоцикль хүнийг барьж явдаг юм уу балай минь

    Хариулах
  5. зочин 2019-11-28 11:38 at 11:38

    Хятадын машин мотоциклын угсралт, эд анги хулхи шүү дээ. Хулрх барааг замбараагүй оруулж ирж 50 тэрбум төгргөө хаяж, 116 хүн амь насаа алдаж буй нь дэндүү харалган байна ард түмэн минь. Одоо худалдаж авахаа болиоч дээ.

    Хариулах
  6. Tsereg er 2019-11-28 12:12 at 12:12

    Нөгөө автобус унсарлаг гээд байгаа хүмүүс ядаж сайн чанарын мотоцикл угсраач

    Хариулах
  7. Үзэнядалт 2019-11-28 12:20 at 12:20

    Хятад мотоцикл гэнээ?? Энэ чинь эрээн мэтийн хотод урд зүгээсээ авчирсан сэлбэгээр угсардаг мотортой дугуй шүү дээ!! Мотоцикл гэдэг чинь өөрийн стандардтай, онхолдохдоо хүнээ дарж унах,аьч хамтдаа шидэгддэггүй наад захын стандарттай байдаг юмдаа??!! Та нар нэг хөдөөгүүр яваад үзээрэй,иргэний дайн болсон юм шиг үхэх нь үхэ,дайнд оролцсон партизанууд лугаа адил таир дутуу,шарх сорви болсон эх орноо болон гэр бүлээ,бүр өөрийгөөч тэжээх чадваргүй болсон,улсаас тахир дутуугийн тэтгэмж харсан тиймэрхүү үхэр монголчууд олноороо байгаатай тааралдах байхаа?! Энэ төр үасаг нь хэдэн жилийн өмнөөс хаана,оруулахгүй гэсэн яалаа!!! Түүнээс хойш олон залуучууд үхэх нь үхэж,тахир дутуу болсоор!!! Аштг л олж байвал хэдэн залуучууд үхэж,тахир дутуу болох нь хаиагүй ээгэж дээдсүүд бодож үхэр зангаа гаргаж байх шив дээ?! Одоо зогсоож,хориглохгүй юмуу?! Үхрүүдээ үхье,тахир дутуу больё гэвэл стандартын бус хятад мотоцикл авч унаарай?! Хохь нь болно шүү!!!!!’

    Хариулах

Үзэнядалт-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн